Гадаад харилцааны яаманд бүртгэлтэй, дипломат албаны машин Улаанбаатар хотод шөнийн 03:00 цагт зочид буудал, цэнгээний газруудаар согтуу хөлчүү хүмүүсийг тээвэрлэж хоносон ноцтой бичлэгийг монголчууд саяхан бүх нийтээрээ үзсэн.
Тухайн машинд ямар албан тушаалтай хүмүүс байхаас үл хамаарч, Монголын нэрийг, төрийг төлөөлдөг дипломат албаны машинаар баар, буудал хэссэн нь маш ноцтой асуудал. Гэвч өнөөдрийг хүртэл энэ асуудал дээр Гадаад харилцааны яам, төр засаг дуугараагүй байна. Хэн нэгэнд хариуцлага яриагүй байна.
Аливаа асуудал бүрхэг байх тусмаа хардлага дагуулдаг. Засгийн газар, түүний нэгжүүд нээлттэй байх тухай үе үеийн Ерөнхий сайд нар зарладаг. Энэ засаг ч тэр. Гэвч олон нийтэд ил болсон ноцтой асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн, шийдвэрлэх тухай, ядаж л ийм ноцтой асуудал гаргалаа гээд олон нийтийн эргэлзээг тайлсан мэдээлэл өгөөд уучлал гуйх соёл, зарчим, ёс зүй энэ яамыг толгойлж байгаа сайд, удирдлагуудад байх учиртай.
Энэ бол мартаад орхих асуудал яавч биш. Дипломат алба бол Монголын улсын нэрийн хуудас, тусгаар тогтнолын баталгаа гэж явдаг. Тиймээс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хаяглаж баар буудал хэссэн дипломат албаны машиныхаа учрыг гаргаж, шалаар нэг унасан албаныхаа нэр хүндэд анхаарахыг захья!
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР
Сэтгэгдэл