Боловсролын яамны харьяанд байдаг Боловсролын зээлийн сан тойрсон хэл ам тасардаггүй. Эргэж бараг төлөгддөггүй энэ сангаар дамжиж олон сая ам.доллар гадаадын их дээд сургууль руу шилждэг. Тэрхүү "зээл”-ийг хэн авдаг вэ гэдэг дээр хэрүүл их гардаг. Гэхдээ тус сангийн зардал буцааж төлөгдөхгүй байх нь элбэг.
Төрийн хяналт шалгалт хариуцсан газруудаас тус санд шалгалтуудыг хийж нэлээд зөрчил илрүүлж байсан байх юм.
Түүнчлэн Боловсролын зээлийн сангийн 2014 оны санхүүгийн тайланд хийсэн Үндэсний аудитын газрын 2015 оны "Зөрчил арилгуулах тухай” 2/62 албан шаардлаганд "Өндөр хөгжилтэй оронд суралцагчдын сургалтын төлбөрийн зээлийн хүү тооцож 1.9 тэрбум 16 төгрөгийн зээлийн хүүгийн авлага бүртгэсэн. Үүнээс улбаалж жил бүрийн валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан 2014 оны санхүүгийн тайланд 13.7 тэрбум төгрөгийн хүүгийн авлага бүртгэлтэй байна. Иймийн тул авлага үүссэн шалтгааныг тодорхой болгож анхан шатны баримтыг бүрдүүлэх, зээлийн хүүгийн авлагын тооцоолол болон валютын ханшийн зөрүүгээс үүссэн олз/гарзын тооцооллыг дахин хянаж баталгаажуулах” гэсэн шаардлага өгсөн байна.
Тэгвэл тэрхүү 2014 онд одоогийн Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн тус сангаас 32 мянган ам.долларын сургалтын зээлийг авчээ. Энэ мөнгөөр 2013-2015 онд Люксембургийн Вант улсын Люксембургийн их сургуульд суралцаж банк, санхүүгийн магистр зэрэг хамгаалжээ.
Зээлийн эргэн төлөгдөх хугацаа гэсэнд "Журам болон гэрээнд тусгаагүй” гэсэн тайлбар байна.
Учир нь зээлийн нөхцөл нь "Төгсөж ирээд Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д заасан журмын дагуу зээлийг эргэн төлж барагдуулна” гэж гэрээнд тусгажээ.
Г.Дөлгөөний хувьд Монголд МУИС, Люксембургийн Вант Улсад их сургуулийг нь дүүргэж ирснээсээ хойш Монголбанк, Төрийн банк, Хөгжлийн банкинд тасралтгүй ажилласан. Гэхдээ тэрбээр 2.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, 850 толгой мал, эзэмших, ашиглах, өмчлөх эрхтэй 10 газар, 250 орчим сая төгрөгийн хадгаламж, долоон аж ахуйн нэгж, ТББ-д хувь эзэмшдэг залуу юм. Өөрөөр хэлбэл, тэрбумтан Г.Дөлгөөн Төв банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажил хийж 32 мянган долларын зээлээ төлж байна.
З.Болд
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл