Энэ сарын 26-ны Лхагва гарагт бүх нийтээр амарна


Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгов 

Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар 2019 онд хуульчилсан.

 

Энэ жил Бурхан багшийн Их дүйчин өдөр тавдугаар сарын 26-нд тохиохыг цаг тооны бичигт тэмдэглэсэн байна. Энэ дагуу тавдугаар сарын 26-ны Лхагва гарагт бүх нийтээр амрах нь.

Тухайн өдөр сар хиртэх бөгөөд уг үзэгдэл 1 цаг гаруй үргэлжлэх аж.

Монгол Улс ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад чиглэн энэхүү хуулийг баталжээ.

"Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна.

Бурхан багш энэрэл хайр, нигүүлсэл түгээн дэлгэрүүлж, ертөнцийн бодит оршин тогтнолыг одоогийн шинжлэх ухаан байгаагүй үед тайлбарлан номложээ.

ТУХАЙН ӨДӨР ЯМАР ҮЙЛИЙГ ЦЭЭРЛЭЖ, ЯМАР ҮЙЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Бурхан багшийн Их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай.

Бие, хэл, сэтгэл гурвын буруу явдлаас болж л жаргалтай амьдралынхаа төлөв түвшин байдлыг алддаг.

10 хар нүгэл дотор, уур омог, хүсэл тачаал тэргүүтэй маш олон үйл багтдаг бөгөөд тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг. 

Өгөөгүйг авах нүгэлд, засаг төр, албан байгууллагаас хээл, хахууль авч байгаа үйлдэл тооцогдоно" гэдгийг МБШТ-ийн Тэргүүн хамба Д.Чойжамц онцолж байв.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.