-Өнөөдрийн байдлаар орон сууцны үнэ меетр квадрат /мкв/ тутамдаа өссөн үзүүлэлттэй байна. Үүний шалтгаан нь юунд байна вэ?
-Орон сууцны үнэ өссөн дүнг харьцуулсан судалгаа хийдэг биздээ?
-Судалгаа хийдэг. Жишээлбэл, 2020 онд мкв барилга угсралтын ажилд ногдох арматурын өртөг 180,000 төгрөг байсан бол 2021 оны арматурын үнийн өсөлтөөр 349.2 мянган төгрөг болж өссөн байна. Үүнээс харахад 2020 онд 1м2 барилгын төсөвт өртөг 1.358.000 төгрөг байсан бол 2021 оны арматурын өсөлтөөс шалтгаалан 1.527.000 төгрөг болж, барилгын нийт төсөвт өртөг 13.5 хувиар буюу барилгын үнэ нэг метр квадрат тутамд 169.000 төгрөгөөр өсөөд байна.
Барилга байгууламж нь хоёроос дээш жилийн үйл явц, олон оролцогч талуудын хамтын ажиллагаа, олон төрлийн хүчин зүйлсээс хамаарч байдаг. Дээр дурьдсан үнийн өсөлтүүдийг 2022, 2023 онуудад илүү мэдрэгдэх бөгөөд өнөөдрийн байдлаар арматурын үнийн өсөлтөөс хамаарч үнэ өсөх нь үндэслэлгүй юм. Харин бусад материалын үнийн өсөлт, төгрөгийн ханшнаас хамаарсан өссөн үзүүлэлт бага хэмээгээр нөлөөлөхөөр байгаа.
-Коронавирусын халдвараас шалтгаалж улс орнууд хилээ хаасан. Энэ барилгын материалын үнэ өсөхөд давхар нөлөөлсөн үү?
-Барилга бүтээн байгуулалтын ажил улирлын чанартай явагддаг. Барилгын ажлын хувьд газар шорооны ажил, суурийн ажлуудаа эхлүүлж, барилгын материалын татан авалтуудаа хийх цагаар хөл хорио тогтож, Эрээн-Замын-Үүд хоорондох хил хаагдсанаас шалтгаалан материалын тээвэрлэлтийн үнэ огцом өссөн. Мөн өнөөдрийн байдлаар хилээр нэвтэрч буй ачаа тээврийн нэврэлт багассан. Жирийн үед нэг талдаа 250 орчим автомашин нэвтэрч байсан бол өнөөдрийн байдлаар нэг талдаа 100 машин хилээр нэвтэрч байгаа нь барилгын материал татан авалт, үнэ өсөхөд ихээхэн нөлөөлж байна.
-Цаашид үнийн хөөрлийг бууруулах арга бий юу. Барилга, хот байгуулалтын яам энэ асуудал дээр ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?
Барилгын материалын үнийн өсөлт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлаар энэ оны хоёрдугаар сараас эхлэн тус яамнаас Засгийн газрын хуралдаанд удаа дараа асуудлуудаа танилцуулж, холбогдох саналуудаа хүргүүлж ажилласан. Нэг талаасаа цар тахалын дараах эдийн засгийн томоохон сорилт гэж харж байгаа. Цаашид, гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээ эх орны түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэх, импортыг орлох дотоодын үйлдвэрүүдийг дэмжин ажиллах, үнийн хөөрөгдөл дээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран ажиллах, үнийн мэдээллийг цахимжуулж, ил тод нээлттэй болгох чиглэлд анхаарч ажиллаж байна.
Барилгын материалын үнэ дэлхийн томоохон эдийн засагчдын тооцоогоор оны сүүлээс буух үзүүлэлттэй байна гэсэн судалгаа гаргасан байна. Барилга, хот байгуулалтын яамнаас барилгын материалын үнийн өсөлтийн талаарх дэлгэрэнгүй судалгааг гаргаж холбогдох яаманд хүргүүлсэн. Үнийн өсөлтийн асуудал нь ганц манай яамны асуудал биш. Засгийн газрын түвшинд шийдвэрлэх хэд хэдэн асуудлууд байгаа юм. Тус асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дагуу Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөн зөвхөн үнийн хөөрөгдлийг анхаараад чанарын асуудлыг орхиж болохгүй. Энэ талаар барилгын материалын үйлдвэрлэгч, импортооор оруулж ирж байгаа аж ахуй нэгж, барилгын материалын гарал үүслийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, чанарын талаарх мэдээллийг цахимжуулж иргэд, олон нийтэд ил тод болгох, хилийн боомт дээр түргэвчилсэн шинжилгээний лаборатори бий болгох талаар ажиллаж байна.
-Шинээр баригдаж байгаа орон сууцаар зогсохгүй хуучин байрнуудын үнэ нэмэгджээ. Үүн дээр хяналт тавих боломж бий юу?
-Орон сууцны барилгын борлуулалт, үнийн хөөрөгдөл дээр хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар. Тус байгууллага нь үнийн өсөлтийн асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран хяналт, шалгалтуудаа тогтмол зохион байгуулах ёстой.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл