МУЗГ түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр дахин санхүүжилт хийж өрийн зохицуулалтын арга хэмжээ авлаа


 

МУЗГ түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр дахин санхүүжилт хийж өрийн зохицуулалтын арга хэмжээ авлаа

 

Монгол Улсын Засгийн газар нь өнгөрсөн оны 9 дүгээр сард олон улс дахь зах зээлийн таатай нөхцөл байдлыг ашиглан 600 сая ам.доллартай тэнцэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн билээ. Энэ удаа “Century” төслийн хүрээнд хугацаа тулаад байсан Чингис болон Гэрэгэ бондын 1.0 тэрбум ам.долларын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжилт хийж өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
Монгол Улс 2011-2012 онд эдийн засгийн өсөлт 17.3 болон 12.3 хувьтай, зээлжих зэрэглэл өнөөгийн түвшнээс 2 зэрэглэл дээгүүр байсан эдийн засгийн оргил үедээ 10 жилийн хугацаатай, 5.125 хувийн хүүтэй, 1 тэрбум ам.долларын Чингис бондыг гаргасан бөгөөд энэхүү бондын эргэн төлөлт нь ирэх жил хийгдэх байсан.
 12-40-1024x576 МУЗГ түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр дахин санхүүжилт хийж өрийн зохицуулалтын арга хэмжээ авлаа
Харин, энэ удаад Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувийн агшилттай, зээлжих зэрэглэл B түвшинтэй байгаа цар тахлын хэцүү цаг үед бид “Century” төслийн хүрээнд түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр буюу 6 жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй 500 сая ам.доллар, 10 жилийн хугацаатай 4.45 хувийн хүүтэй, 500 сая ам.доллар, нийт 1.0 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттайгаар хэрэгжүүлж, ирэх 2 жилийн өр төлбөрийг шийдлээ.
Олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулагчдаас ирсэн санал нь тухайн үнэт цаасны дүнгээс 2.5-3 дахин их ирсэн тохиолдолд амжилтай боллоо гэж үздэг.
11-47-1024x574 МУЗГ түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр дахин санхүүжилт хийж өрийн зохицуулалтын арга хэмжээ авлаа
Харин, “Century” төслийн хүрээнд нийт 6.4 тэрбум ам.доллар буюу санал болгосон хэмжээнээс 6.4 дахин илүү саналыг Ази, Америк, Европын хөрөнгө оруулагчдаас ирүүллээ. Мөн манай улстай ижил зээлжих зэрэглэлтэй улсууд шинээр бонд гаргахад дунджаар 7-8 хувийн хүү төлж байхад манай улс B үнэлгээтэй улсуудаас хамгийн бага буюу 3.5-4.45 хувийн хүүтэйгээр өмнөх бондуудыг дахин санхүүжүүлсэн. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын цар тахлын үед эрүүл мэнд, эдийн засгаа аврах зорилгоор хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний үр дүнгийн илрэл бөгөөд олон улсын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын улс төр, эдийн засгийн тогтвортой байдалд итгэх итгэл өндөр байгааг харуулж байна.
Засгийн газар хугацаа тулсан, өндөр дүнтэй гадаад өр төлбөрийг хойшлуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх жилүүдэд үүсэх байсан өрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барихад эерэг нөлөө үзүүлэх төдийгүй Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулахад чухал нөлөөтэй болохыг онцлох нь зүйтэй.
Тус өрийн зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд Засгийн газар J.P.Morgan, Morgan Stanley, HSBC болон Nomura гэсэн 4 хөрөнгө оруулалтын банкнуудтай хамтран ажилласан. Мөн түүнчлэн, энэ завшааныг ашиглан хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргүүлэх цахим уулзалтуудад оролцож, хамтран ажилласан Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк болон Үндэсний статистикийн хорооны хамт олондоо талархал илэрхийлье.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.