АМГТГ: Өнөөдөртөө багтаж шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгаж ажиллана


 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал газрын тосны газар, Монголбанктай хамтран нефть импортлогч аж ахуйн нэгжүүдтэй өнөөдөр Төрийн ордонд уулзалт хийсэн. Энэ үеэр АМГТГ-ын дарга Х.Хэрлэн "Монгол Улс газрын тос экспортолж эхлээд 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд улсын төсөвт 2.3 их наяд орчим төгрөгийг төвлөрүүлсэн байна. Төрийн захиргааны байгууллага болох манай агентлаг жижиглэнгийн үнэд хяналт тавьдаг. Үнэ тогтоодоггүй. Бид аль болох ард иргэдийн нуруунд ачаа үүрүүлэхгүйгээр хуулийн хүрээнд хяналт тавьж, ажилладаг.

Үүсээд байгаа нөхцөл байдлын хүрээнд сүүлийн хоёр хоногт ажиллаад 100 төгрөгөөр шатахууны жижиглэнгийн үнийг буулгах чиглэл өгсөн. Зарим аж ахуйн нэгж 50 төгрөгөөр буулгасан байна билээ. Өнөөдөртөө багтаж шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгаж ажиллана.

Шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм" гэсэн юм. Харин УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Вакцинжуулалтыг 60 хувьд хүрэх хүртэл АИ-92 бензиний үнийг 1,450 төгрөгт барихаар ААН-үүдтэй тохирсон байсан. Энэ оны нэгдүгээр сараас зургаадугаар сар хүртэл ААН-үүдийн алдагдал литр тутамд 600 төгрөгт хүрсэн. Энэ хэвээрээ байсан бол бензиний хомсдолд орохоор байлаа. Нефть импортлогч аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээж эхэлсэн" гэсэн юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.