УИХ-ЫН ДАРГА ЖАК МА-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ


УИХ-ЫН ДАРГА ЖАК МА-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

 

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.07.27/ БНХАУ-ын "Аlibaba” группын үүсгэн байгуулагч Жак Ма тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай уулзаж, хоёр орны бизнес, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах чиглэлд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр ярилцсан талаар хэлэв. Мөн тэрээр, "Монгол Ардын Нам Улсын Их Хурлын сонгуульд үнэмлэхгүй ялалт байгуулан, парламент, Засгийн газраа бүрдүүлэн төрийн бодлогыг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн дөрвөн жилд бизнес эрхлэгчид болон гадаадын хөрөнгө оруулагчдад ээлгүй бодлого хэрэжүүлснээс болж олон аж ахуйн нэгж үүдээ барьсан. Бид энэ байдлыг өөрчилж, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, тогтвортой, дэмжлэг үзүүлэх чиглэлээр анхаарал хандуулан ажиллана. Таныг Монголын бизнес эрхлэгчдэд лекц унших гэж байгааг сонссон. Тиймээс таныг бизнесийн хатуу зарчим, дэглэмийн талаар манай бизнес эрхлэгчдэд ойлгуулж, ярьж өгөх байх гэж найдаж байна” гэлээ.

"Аlibaba” группын үүсгэн байгуулагч Жак Ма, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, хоёр улсын бизнесийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдагт талархаж буйгаа илэрхийлэв. Тэрээр "Монгол Улсад анх 2013 онд ирж байсан. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд маш их өөрчлөлт гарсан харагдлаа. Тантай уулзан Монгол Улсын бизнесийн орчин, түүний өөрчлөлтийн талаар мэдээлэл сонсоход тун сайхан санагдаж байна. Илүү их урам зоригтой болж байна. Дэлхийн эдийн засгийн хямрал олон сөрөг үр дагавар үзүүлж байгаа ч бид үүнээс боломжийг хайх ёстой. Бид техник, технологийн эрин үед шилжиж байна. Монгол Улс өргөн уудам нутаг, байгалийн арвин нөөц баялаг, цөөн хүн амтай, стратегийн онцлог байршилтай орон. Таны хэлсэнчлэн өмнө нь Монгол Улсын бодлого гадаадын хөрөнгө оруулагч нарт төдийлөн итгэл төрүүлдэггүй байсан. Бид өнгөрсөн хугацаанд танай орны талаар нэлээд судалгаа хийж, мэдээлэлтэй болсон. Бизнесийн орчин нөхцлийн сайжруулах, үйлчилгээ, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай гэж харж байна. Ирээдүйд дэлхий дахинаа залуучууд, интернет, өндөр технологийн өрсөлдөөн байх болно. Манай группын зүгээс монголын бизнес эрхлэгчидтэй хамтран үйлчилгээ, хөдөө аж ахуй, санхүү, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байна” гэлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Д.Сумьяабазар, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.