Мьянмарын төрийн эрхийг баригч цэргийнхэн тэрс үзэлт лам Ашин Вирату гэгчийг суллажээ. Энэхүү Вирату нь лалын шашныхны эсрэг үзлээрээ алдартай нэгэн бөгөөд төрийн эрх баригч иргэний нийгмийн Засгийн газар, тэр дундаа Аун Сан Су Чиг ил тод шүүмжилдэг байсан юм. Энэ нь нөлөөлсөн ч байж магадгүй, түүнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баривчилж, Ракхайн мужид болсон шашны мөргөлдөөнийг турхирсан хэмээн буруутгаад байжээ. Ашин Вирату угаас лалын шашинтнуудад хатуу ханддаг нэгэн бөгөөд үүнийгээ эрс шулуун илэрхийлдэг байсан нь үнэн аж. 2012 онд Мьянмарын Ракхайн мужид буддын шашны лам нар лалын шашинт рохинжа нар руу халдаж, олон хүний аминд хүрсэн жигшүүрт хэрэг гарсан.
Энэ хэрэг гарахын өмнө болон гарсны дараа ч Ашин Вирату лалын шашинтнуудын эсрэг илтгэлүүд тавьж байсан тул түүнийг “Мьянмарын буддын шашны Бен Ладен”, “Буддын шашны алан хядагч”, “Толгой цавчигч лам” гэх мэтээр нэрлэх болсон байна. Гэсэн ч 54 сая хүн амтай Мьянмарын үндсэн шашин нь буддын шашин тул Ашин Вирату ихэд алдаршиж, олон нийтэд нөлөөтэй болсон юм байна. Ашин Вирату ийнхүү олон нийтэд нөлөөтэй болсон ч лалын шашны эсрэг үзэл суртлаа хурцаар илэрхийлж байсан тул Фэйсбүүк компаниас хуудсыг нь хааж байв. Цэргийнхэн түүнд тулгасан буруутгалыг бүхэлд нь хүчингүй болгосон бөгөөд юуны учир ингэж шийдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Ашин Вирату. Гэрэл зураг: ВВС
Сэтгэгдэл