АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа, Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар нар нь 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр "Шинэ шивээ” ХХК-д Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр сумдын нутаг дахь Хүрэн дух нэртэй 21839.14 гектар талбай бүхий МV-020424 тоот лиценз, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт Шивээ 2 нэртэй 612.70 гектар талбайтай МV-020420 тоот лиценз олгосон.
Ингэснээр Шивээговь сумын 2217 иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, 62 иргэний өвөлжөө, хаваржааны зориулалттай газар, 180 иргэний автограшийн зориулалттай, 131 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмших эрхийн гэрчилгээтэй газар ямар нэг эргэлтэд орох боломжгүй болоод хэдэн жилийн нүүр үзэв. Мөн дээрх лицензүүд нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэд, аж ахуйн нэгжүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газартаа давхацчихаад байгаа юм.
ШИВЭЭ ОВООГИЙН ОРД БҮХЭЛД НЬ, ТӨМӨР ЗАМЫН ЗУРВАСЫГ ХЭСЭГЧЛЭН ОЛГОЖЭЭ
Маш ноцтой нь "Шинэ шивээ”-гийн дээрх хоёр лицензийг төмөр замын хамгаалалтын зурвас газрын зарим хэсэгтэй давхцуулан олгосон байна. Мөн Монгол Улсын стратегийн ордод бүртгэлтэй Шивээ овоогийн нүүрсний орд газартай бүхэлдээ давхацжээ.
Үүнээс болоод Шивээговь сумынхны Үндсэн хуулиар олгогдсон олон үндсэн эрх зөрчигдсөн. Мөн АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа, Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын уг шийдвэр нь Үндсэн хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн байгаа юм.
"ШИНЭ ШИВЭЭ” ХҮСЭЛТ ГАРГАЖ, Д.ҮҮРИЙНТУЯА, Н.ЧИНБААТАР НАР ӨДӨРТ НЬ ЛИЦЕНЗ БИЧИЖ ӨГЧЭЭ
Өнөөг хүртэл Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд, тэр ч байтугай төрийн үйл ажиллагааг "хашиж” ирсэн МV-020420, МV-020424 тоот лицензийг олгосон байдал нь анхаарал татна. "Шинэ шивээ” ХХК хүсэлт гаргаж, АМГ тэр өдөрт нь лицензийг нь бичиж өгчээ.
Тодруулбал, "Шинэ шивээ” ХХК-ийн захирал Дэчинлхүндэвийн Төрболд 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд Хүсэлт гаргах тухай 15/92 тоот албан тоотыг АМГ-т илгээжээ. Уг хүсэлтэд "... "Шинэ шивээ” ХХК нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь сум, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-013251, XV-013250, XV-008296, XV-008294, XV-008297 лицензтэй талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж танай байгууллагад ашигт малтмалын ашиглалтын лиценз хүссэн өргөдөл гаргасан билээ.
Тус компани Монгол Улсын Засгийн газрын 2015 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны 64 дүгээр тэмдэглэлд заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий Шивээ овоогийн нүүрсний ордыг түшиглэн байгуулагдах Эрчим хүчний цогцолборыг нүүрсээр хангах ажлын хүрээнд "Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран ажиллах гэрээг 2015 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр байгуулсан болно. Иймд дээрх лицензүүдтэй талбайд ашиглалтын лиценз хүссэн манай өргөдлийг шийдвэрлэж, ашиглалтын лиценз олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг илгээсэн байна.
Тэр даруйд, ердөө өдөрт нь Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар 1189, 1191 дугаартай ашигт малтмалын лиценз олгох тухай шийдвэрүүдээ гаргасан байх юм.
Хэзээнээсээ хүнд суртлын "хаан” АМГ ингэж арай л шуурхай шийдсэн байдаг. Эндээс Д.Үүрийнтуяа, Н.Чинбаатар нарыг мөнгө хөдөлгөсөн үү, тэдэнд хэн нэгэн хүн нөлөөлсөн үү гэдэг асуулт гарч ирнэ.
Хамгийн эмгэнэлтэй нь өнөөдрийг хүртэл энэ лицензүүдийг эзэмшигчид төрийг, иргэдийг, аж ахуйн нэгжүүдийг гуйлгаж, эсвэл дарамталж ирэв. Тэд "...Наймаа таарвал лицензтэй талбайгаасаа эзэмшил, эсвэл өмчлөлийн газрыг нь гаргаж өгнө” гэх яриа тохироо хийдэг талаарх маш ноцтой мэдээллүүд овоорсон байна.
Үргэлжлэл бий...
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл