Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Засгийн газрын хуралдаанд оролцох үедээ коронавируст цар тахлын одоогийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрээр танилцуулга хийснийхээ дараа тахимынхаа холбогдох гишүүдэд хандаж, үйлчилгээний байгууллагуудтай хийсэн хариуцлагын гэрээг чанд мөрдүүлэх, олон нийтийг хамарсан арга хэмжээ, найр хурим хийхгүй байхад анхаарахыг хүссэн байна. Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр эмч ажилчдын ачаалал нэмэгдэж, орны хүрэлцээ хангалтгүй болж байна гэдгийг С.Энхболд сайд бусад сайд нарт онцолжээ.
Мэдээллийг сонссоныхоо дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх, эргэлтийг сайжруулахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт үүрэг болгосон байна.
Сүүлийн 24 цагт коронавируст халдвараар 10 хүн нас барж, нийт тохиолдол 1114 болсон, ковидын халдвартай 20702 хүн Улаанбаатар хот, 21 аймгийн эрүүл мэндийн 62 байгууллагад хэвтэн эмчлүүлж буй. Эдгээр өвчтөний 62,7 хувь нь хөнгөн, 27,6 хувь нь хүндэвтэр, 8,1 хувь нь хүнд, 1,5 хувь нь буюу 315 хүн маш хүнд байгаа. Ерөнхий сайд энэ тааруу статистик үзүүлэлтийг сайжруулан, халдварыг багасгаж, нас баралтын тоог бууруулах, аль болох эндэгдэл гаргахгүй байхад анхаарч арга хэмжээ авч ажиллахыг холбогдох салбарын сайдад даалгасан байна. Мөн төрийн байгууллагууд олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурал, чуулган зохион байгуулахыг хязгаарлахыг үүрэг болгожээ.
Сэтгэгдэл