Я.Содбаатар: Ойн агентлагийг сэргээн байгуулна


 Я.Содбаатар: Ойн агентлагийг сэргээн байгуулна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэр бум мод тарих санаачилгынхаа дагуу Засгийн газарт чиглэл өгөх зарлиг гаргажээ. Уг зарилгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар танилцууллаа. 

Я.СОДБААТАР: -Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад Монгол Улсын хувь нэмэр бодит оролцоог нэмэгдүүлэх, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр стратеги гарган ажиллах чиглэлийг Засгийн газарт өгч байна. Жил бүр Монгол Улсын ДНБ-ий нэг хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хувийг байгальд ээлтэй, стандарт бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх, ойн салбарын бодлого үйл ажиллагааг уялдуулан зохицуулах төрийн захиргааны байгууллага болох Ойн агентлагийг сэргээн байгуулах чиглэл өгч байна.

Засгийн газар 2022 оны улсын төсвийг өргөн барихдаа нэгдүгээр сарын 1-нээс Ойн агентлагтай болох асуудлыг төсвийн дагалдах хуулиар оруулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан ойн аж ахуйн нэгжийг байгуулж, санхүүгийн зохистой механизмтай болохыг мөн тусгасан. Иргэн аж ахуйн нэгжүүдэд татвар болон татварын бус бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Мод тарих үйл явцыг халамжаас хөдөлмөрт шилжих цогц бодлогын хүрээнд уялдуулан зохицуулна. 

Н.УРТНАСАН: -Өнөөдрийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь хүчтэй цөлжилтөд өртсөн. Нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг арван жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж чадвал хүчтэй цөлжилтөд өртсөн 120 сая га талбайн хамрах хэмжээг дөрвөн хувиар бууруулах судалгаа гарсан. Мөн түүнчлэн ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 7.9 хувьтай байгаа. Үүнийг 2030 он гэхэд есөн хувьд хүргэх зорилт тавьсан. Нөгөө талаас хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах тооцооллыг урьдчилсан байдлаар гаргасан. Хувийн хэвшлийн томоохон компаниудаас 10 жилийн хугацаанд 20-120 сая мод тарих санаачлагууд гаргасан. Тиймээс нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэхдээ төр, хувийн хэвшил, иргэд аж ахуйн нэгжүүдийн хамтын оролцоо уялдаа холбоог хангаж ажиллана. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ойн мэргэжлийн 1078, нөхөн сэргээх ойжуулалтын ажлыг дагнаж хариуцдаг 224 байгууллага бий. Тэрбум мод тарих 10 жилийн хугацаанд 4.3 их наяд төгрөг зарцуулахаар тооцоолж байна. Тэрбум мод тарих үйл ажиллагааг 2021-2024 он эхлэл үе шат, 2024-2027 он, 2027-2030 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.