Цагаан хад боомт дахь албаны удирдлагууд В.Хундгаа, С.Давааням нар булхайгаа дэлгэлцэж эхэллээ


Цагаан хад боомт дахь албаны удирдлагууд В.Хундгаа, С.Давааням нар булхайгаа дэлгэлцэж эхэллээ

 

Өмнөговь аймгийн Цагаан хадны боомтын зөвлөлийн дарга В.Хундгаа болон Авто тээврийн үндэсний төвийн Цогтцэций салбарын дарга С.Давааням нар тус боомтод үүссэн асуудлуудыг хэдэн бие рүүгээ шидэлцсэн хэрүүл олон нийтийн сүлжээнд ил боллоо. Тэдний энэ хэрүүл төрийн албад хоорондоо ямар ч уялдаа холбоогүй ажилладаг болохыг илчлэхээс гадна тэд өөрсдийн булхайгаа дэлгэлцэж эхэлжээ. Олон нийтийн сүлжээнд ил болсон бичлэгээс В.Хундгаа, С.Давааням нарын ноцтой яриаг онцлон хүргэе. 

 

В.Хундгаа:
-Давааням аа, чи юу ч үзүүлж хянуулахгүй, цагийг нь тулгаж юм оруулдаг биз дээ. Энэ дээр гарын үсэг зурчих гээд гүйдэг нь чиний алдаа"
С.Давааням:
-Чиний өөдөөс үг хэлэх эрхтэй шүү. Чи хөрсөн дээрээ ажиллаж сур. Өөрөө гар хөлийн үсэг хурдлуул гэдэг шүү. Чи өөрөө нээж хараад танилцаж гарын үсгээ зурдаг байх нь яасан юм бэ.
В.Хундгаа: 
-Давааням аа, ний нуугүй хэлэхэд Н.Амарзаяа та хоёрын маапаан хийж явсныг мэдэх юм. Манайхан хэдэн программ дээр шүүгээд шалгаад гаргаад ирэх шиг амархан юм байхгүй. Цэргийн хүүхдүүд шожигнотол гаргаад ирнэ. Миний хөгшин л эвгүйтэх байх даа шулуухан хэлэхэд. 
С.Дааваням:
-Миний маапаан гэж юу байхав. Чи хөрсөн дээрээ буудаггүй гэдгийг ААН-үүд хэлнэ. Намайг шалгадаг газар нь шалгасан ч би цэвэр хүн. Чи Н.Амарзаяатай ийм юм хийж байсан гээд хэлээдэх, чадахгүй шд. Баримттай юм хэл. Баримт байвал ажлаа өгөхөд бэлэн.
В.Хундгаа:
-АТҮТ, Н.Амарзаяа хоёр л нийлж энд тэнд квот гаргаж, энд тэнд тусгаарлалт бөмбөлөг үүсгэж баахан юм зохицуулж явсан шүү дээ. Энийг хаанахтай зөвшилцөж хаанахтай хийсэн юм, өөрсдөө хариулаач. Нотлох баримт хангалттай байгаа шдээ. Бөмбөлөг нэрийн дор 1,2,3 дугаар удаагийн татан авалт гэж яаж заваартууллаа. 3 дугаар удаагийн 1800 татан авалт дээр бөмбөлгийн шалгалт, тендрийн шалгалт хийгээгүйгээ биз дээ. 4 дэх дээр нь 1100 хүний квот батлаад сум орон нутгаар тусгаарлалт хийгээд татаж чадахгүй, одоо кэмпийг нь ч үзэж чадахгүй хачин юм хийгээ биз дээ. 
Энэ маргааны үеэр тэд хоёулаа шалгуулахад бэлэн гэдгээ хэлжээ.
Бичлэгт В.Хундгаа, С.Давааням нараас гадна нүүрс тээврийн компанийн төлөөллүүд байсан бөгөөд энд олон асуудлуудыг хөндсөн байгаа юм. 

 

Коронавируст халдварын үед уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөлд зохион байгуулж буй бөгөөд үүнтэй холбоотойгоор нүүрс тээврийн жолооч нарыг тойрсон цөөнгүй асуудлууд үүсчээ. Тухайлбал, жолооч нарыг жижиг битүүмжилсэн тээвэр буюу бөмбөлгийн зохион байгуулалтад оруулсан нь нэгээс хамаарч бусдын эрх ашиг зөрчигдөж байна гэх, түүнчлэн PCR шинжилгээний талаарх шүүмжлэлүүд их гарч байгаа юм байна.
Цагаан хад боомтод үүсээд буй нөхцөл байдлын талаар тэдний ярьснаас товч дурдвал, тус боомтод томилогдон очсон ХӨСҮТ-ийн баг жолооч нарт хүрч ажилладаггүй, PCR шинжилгээний давтан шинжилгээг хэзээ, хаана, яаж, хэнтэй ямар замаар холбогдож өгөх нь тодорхойгүй гэх мэт тулгамдаж буй асуудлуудаа уламжилж байв. Мөн Нүүрс тээврийн компанийн төлөөллүүдээс "нэг жолооч-нэг компани-нэг-тээврийн хэрэгсэл" гэсэн өмнөх журмаар явах нь зөв байсан гэсэн байр суурийг илэрхийлжээ. 

 

Ил болсон бичлэгт Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны орлогч дарга Н.Амарзаяа, Ханбогд сумын ЭМГ-ын дарга Г.Шижиртуяа, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт гэх мэт аймаг, сумын удирдлагуудын хэмжээнд ч яригдах асуудлууд хөндөгджээ. Г.Шижиртуяа нь Цагаан хад боомт дээр ч ирдэггүй нэгэн гэнэ. Засаг дарга нь 28 хоног тусгаарлах журмаа өөрчилснийг ч мэдэхгүй гэх. 
Ингээд Цагаан хадны боомтын зөвлөлийн дарга В.Хундгаа өнөөдөр 10 цагт боомтын зөвлөлийн хурал зарлахаар болжээ. Ингэхдээ энэ хурлыг өргөтгөсөн байдлаар зохион байгуулна гэдгээ хэлсэн байна. 

 

Бөмбөлгийн тухайд, жолооч нар хилээр нүүрс гаргахдаа эхлээд Монголын талд PCR шинжилгээ өгөөд, хэрэв эерэг гарвал тухайн хүний харьяалагдаж байсан бөмбөлгийг л Цагаан хад суурьшлын бүсээс гаргана. Харин бусад бөмбөлгийн үйл ажиллагаа зогсохгүй, хэвийн үргэлжилнэ гэсэн үг юм. Нэг бөмбөлөг 40 жолоочтой. Уг тоог автобусанд багтах хэмжээгээр тогтоожээ.
Асуудлын гол нь 116 бөмбөлгийн жагсаалтыг ил болгоогүйгээс үүдсэн бололтой. Өөрөөр хэлбэл, тээврийн хуваарийг хоёр хоёр хоногоор нь гаргадаг аж. Энэ зохион байгуулалт дээр шүүмжлэлтэй хандаж буй юм. Мөн PCR шинжилгээгээр эерэг гарсан иргэд хотод ирээд шинжилгээ өгөхөөр сөрөг гардаг, үүний цаана ямар төлөвлөгөө хэрэгждэг нь хардлага төрүүлдэг талаар жолооч нар ярьдаг юм. 
Ямартай ч булхайгаа дэлгэлцэж эхэлсэн В.Хундгаа, С.Давааням нарын хүсэлтийг хангаж, дээр дурдсан ноцтой асуудлуудыг харъяа салбарын сайд анхааралдаа авч, хууль хяналтын байгууллагууд шалгалтын ажлаа эхэлнэ үү.
Ам алдвал барьж болохгүй ээ гэж...

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.