Эдийн засгийг, нийгмийн амьдралыг улстөржүүлэхийн эцсийн хор хохирлыг иргэд олон нийт биеэрээ үздэг гэдэг нь нотлогдсон үнэн гэхэд болно. Тиймээс өнөөдрөөс эхэлж замдаа гарч байгаа шинэ засгийн нөхдүүдэд захиж хэлэхэд бодлогоо улстөрийн түвшинд бус мэргэжлийн түвшинд боловсруулж, эдийн засгийг мэргэжлийн өнцгөөс харж, гарцаа тодорхойлж, шийдлээ олохыг хүсэж байна. Өнгөрсөн жилүүдийг эргээд харахад, иргэд сонгогчдын итгэлийг авч, засагласан эрх баригчид эрүүл нийгмийг бий болгох амлалтууд өгсөөр ирсэн ч харамсалтай нь тэдгээр амлалтууд нь биелээгүй. Уг нь эдийн засагчид эдийн засгийг аврах бат нот үндэслэлүүдийг гаргаж ирж, зөндөө хэлж ярьсан ч, эрх баригчид, бодлогыг гардан боловсруулж, шийдвэрийг үзэглэгчид жинхэнэ мэргэжлийн хүмүүс тэдний байр суурийг үл огоорч ирсэн нь харамсалтай. Ямар ч байсан бодит нөхцөл байдлаа харахаар эдийн засаг хямарч байгаа. Чухам харин юунаас болж хямарч байгаа вэ гэдэг дээр эдийн засагчид, улстөрчдийн харж, дүгнэж байгаа өнцгүүд олон байгаа юм. Эдийн засагч Х.Батсуурь хэлэхдээ "- Бодлогын төөрөгдөл эдийн засгийн суурь тогтолцооны гажуудлыг үүсгэж байгаа юм. Энэ бол том асуудал. Тухайлбал, манай нийгэм, улс оронд тохироогүй чөлөөт зах зээл, цэвэр өрсөлдөөн гэсэн бодлого ягштал баримталж байгаа. Энэ нь эдийн засагт байнга үүсээд байгаа хямралын гол шалтгаан юм. Тогтолцооны гажуудал гэдэг нь өсөн нэмэгдэх бус дундран багасах эдийн засгийн салбар дээр суурилсан эдийн засагтай байна. Иймээс манай эдийн засаг бусдаас хараат, хямралын байдалд орсон. Цаашид ч энэ байдал үргэлжлэх шинжтэй гэж харж байна. Ер нь бол эдийн засгийн суурь тогтолцоонд чиглэсэн алхмууд хийж таарна. Төсөв, эдийн засагтай холбоотой асуудлыг хэсэгчлэн засаад нэг хоёр жилдээ өнгөлөн далдлаад явж болох ч, асуудал урт хугацаандаа хэрхэн хүндэрдэг болохыг хаа хаанаа ухаарах цаг болсон. Төсвийн урсгал орлого өнөөдөр дутагдаж байгаа ч хөрөнгө, зээл тусламжийг ихэсгэх замаар алдагдлаа нөхөөд явж байна. Гэхдээ эдийн засгийн суурь тогтолцоогоо өөрчлөхгүй бол бидний орлого дутуу дулимаг хэвээр үргэлжилнэ. Сууриа өөрчлөхийн тулд эхлээд хоёр чиглэлээр ажиллах ёстой гэж би харж байгаа. Нэгдүгээрт, банк санхүүгийн тогтолцоог, хоёрдугаарт, гадаад худалдаагаа өөрчлөх ёстой. Тухайлбал, банк санхүүгийн бодлогод инфляц онилох гэхээс илүү ажлын байр нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх учиртай. Гэтэл эдийн засагт хамгийн гол нөлөө үзүүлдэг нэг хүчин зүйл бол ажлын байр, бизнесийг дэмжих бодлого үгүйлэгдэж байна. Тэгэхээр төв банк төгрөг ам.долларын ханшийг тогтвортой хэмжээнд барих бодлого хэрэгжүүлэх асуудал бий. Мөн нөгөө талаар мөнгөний тэлэх бодлого баримталж бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээл өгөх боломж бүрдүүлэх ёстой. Гадаад худалдаанд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортыг дэмжих бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй. Үүнийг хэрэгжүүлэх чиг хандлага уг нь тогтсон гэж үзэж байна. Учир нь, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсан. Энэ хуулийн дагуу цемент, мөхөөлдөс, өндөг зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг 6-20 хувь болгон нэмэгдүүлсэн. Үүнээс гадна экспортыг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх ёстой. Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компаниудад төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой гэхчлэн олон асуудал байна” хэмээн өгүүлж буй. Мөн тэрбээр– Монгол Улс өдийг болтол хоцронгуй хөгжилтэй байгаагийн нэг үндсэн шалтгаан нь манайд банк санхүүгийн мөлжлөгийн чанартай систем үйлчилж байна. Хэдийгээр бид хөрөнгөт ертөнцөд амьдарч байгаа ч гэсэн улс орны хөгжлийн бодлогын хувьд зах зээл, капитализм гэж худал хийрхэх биш харин улсынхаа онцлогт нийцсэн эдийн засгийн бодлогыг удирдлага болгох ёстой. Үүнд нэн тэргүүнд банкны систем дан ашгийн төлөө бус харин бизнес, эдийн засгаа дэмжсэн ажиллагаатай байх шаардлагатай. Мухардмал байдлаас гарах гараа магадгүй үүнээс эхэлнэ. Монголд өнөөдөр арилжааны банкууд дэлхийд хаа ч байхгүй, магадгүй Африкийг оруулахгүйгээр, тийм их эрх мэдэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн 188 орноос банкны зээлийн хүү нь хэт өндөр буюу 20 хувиас давсан улс ердөө 12 байдаг. Нийгэм, эдийн засгийн хямрал нүүрлэж ядуурал хоцрогдлын жишиг болсон Мадагаскар, Малави, Гондурас Киргиз улсуудын хамт энэ бүлэгт Монгол Улс багтдаг нь харамсалтай. Иргэдийн эд хөрөнгө, байшин сав, унаа, газар, эрдэс баялгийн ордууд бүгдийг барьцаанд аваад үл маргах журмаар өмчлөлдөө шууд авна гэсэн эрх зүйн орчинг бүрдүүлэн ажиллаж байгаа нь Монголын төр засаг, Монголчууд үндсэндээ банкуудын эрхшээлд байгааг нэг талаас харуулж байгаа юм. Монголын зах зээлд ноёрхдог банкууд болон Монголын санхүүгийн систем үндсэндээ гадныхны мэдэлд байдаг гэдгийг санах хэрэгтэй. Арилжааны банкууд мөнгө санхүүгийн бодлогоороо дамжуулаад Монголын эдийн засгийг атгаж, төр, засгийн бодлогод хэт их нөлөөтэй байдаг нь нууц биш. Монголын банк санхүүгийн системийг харахад нөлөө бүхий арилжааны банкууд зах зээлийн зарчмаар ажилладаг гэхээсээ илүүтэй Монголын засгийн газраар тэжээлгэж байдаг гээд хэлчихвэл хэтрүүлэг болохгүй.
Ер нь сүүлийн жилүүдэд арилжааны томоохон банкуудын цэвэр ашиг гэхэд хэдэн зуун тэрбумаар хэмжигдэж байгаад гайхах зүйлгүй. Үндсэндээ ямар ч эрсдэл үүрэхгүй. Зөвхөн зээлийн зуучлалын үүрэг гүйцэтгэж байгаа МИК л гэхэд жилийн 30 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж байгааг харахад энэхүү системээс хэн илүү хожиж байна вэ. Энэ систем нь хэнд зориулагдсан систем байж болох вэ гэдгийг бодож үзэхээс өөр аргагүй.”гэхчлэн эдийн засгийн урагшлах замд тээг саад болоод буй тогтолцооны чанартай гажуудлуудын талаар эдийн засагчид хэлж ярьдаг. Тэгэхээр мэргэжлийн засаг мэргэжлийн хүмүүсийн байр суурийг ажил хэрэгтээ анхаарч тусгана биз ээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл