С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт түүний эхнэр Б.Булганыг сэжиглэн, шалгаж хориод нэлээд хугацаа өнгөрч байгаа. Тэгвэл Олон улсын парламентын холбооноос С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт эхнэр Б.Булганыг сэжиглэн шалгаж буй болон сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан манай улсад тайлан, зөвлөмж ирүүлжээ. Тус зөвлөмжийг Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 198 дугаар чуулганы хуралдаанаас санал нэгтэйгээр батлан гаргасан гэнэ. Зөвлөмжид "1990-ээд онд Монгол Улсад үүссэн ардчилсан хөдөлгөөний эцэг хэмээгдэх бөгөөд 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр амь эрсэдсэн УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн хрдбогдолтой хэрэг болон 197 дугаар чуулганы хуралдаанаас гаргасан шийдвэр (Женев, 2015 оны аравдугаар сар)-тэй холбогдуулан, ОУПХ-ны Парламентын гишүүдийн хүний эрхийн асуудал эрхэлсэн хорооны дэд ерөнхийлөгч хатагтай Маргарет Киенер-Неллен тэргүүтэй төлөөлөгчдийн 2015 оны есдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнгийн тухай тайлан (СL/198/12(b)-R.1), түүнчлэн нэхэмжлэгчид болон гуравдагч этгээдээс ирүүлсэн шинэ мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчдийн тайлан нь тэдний урьдчилсан судалгааны үр дүнг бүрэн нотолж, дараахь үндсэн дүгнэлтүүд агуулж байгаа болохыг харгалзан үзсэн болно” гээд "Мөрдөн байцаах ажиллагаа бараг 18 жил тасралтгүй үргэлжилсэн боловч хэн нэгнийг хариуцлагад татаагүй байгаа бөгөөд нууцлагдмал байдлаар хэвээр үргэлжилж буй. Энэхүү хүн амины хэрэг нь далдуур хийгдсэн улс төрийн аллага гэсэн ойлголт өргөн тархсан хэвээр байна. Мөрдөн байцаалтыг тойрсон хэт нууцлаг байдал, мөн түүнд ахиц гарахгүй байгаа байдал нь мөрдөн байцаах ажиллагаанд түүнчлэн үнэнийг тогтоох улс төрийн үнэн хүсэл зориг байгаа эсэхэд итгэх итгэл үнэмшлийг ихээхэн хэмжээгээр мохоож байна. С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг илрүүлэх ээлжит оролдлого нь эдүгээ улс төрийн чанартай хоосон амлалт хэмээн өргөн олонд ойлгогдох болсон. Мөрдөн байцаах ажиллагаа нь үр дүнд хүрэхгүй байгааг тайлбарлах олон хүчин зүйлийн нэг нь улс төрийн оролцоо байж болохыг үгүйсгэх аргагүй…
Түүний байдлыг Монголын холбогдох эрх бүхий бүх байгууллага, түүний дотор төрийн тэргүүн, УИХ-ын Хүний эрхийн хорооны дарга болон бусад гишүүд, мөн Хүний эрхийн үндэсний комисс сөхөн тавьж байсан боловч ямар нэг хариу өгөөгүй бөгөөд Булганыг цагдан хорих нөхцөл өөрчлөгдөхгүй хэвээр байна. Эх сурвалжуудын нотолж байгаагаар, гэм буруугүйн презумпцийг үл хүндэтгэхээс гадна Булганыг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж мөн олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчин хууль бусаар хорьж, эрүү шүүлт тулгаж байгаа ажээ. Мөрдөн байцаах ажиллагаа эхэлснээс хойш түүнийг ийнхүү хоёр дахь удаагаа хорьсон байна…
…Монголын эрх бүхий байгууллагуудын зүгээс ямар нэг хариу арга хэмжээ авахгүй байгаад харамсаж байна. УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга, ерөнхий прокурорын орлогчийн зүгээс амалсан мэдээллийг яаралтай авахыг хүсч байна. Улмаар хэргийн холбогдолтой үйл явдлын талаар тогтмол мэдээллэж байхыг дахин хүсье хэмээн өгүүлсэн байна.
Монголын
холбогдох бүх байгууллага, тухайлбал, ерөнхий прокурор, түүний орлогч,
түүнчлэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад Үндэсний аюулгүй
зөвлөлийн гишүүдийн хувьд С.Зоригийн амь насыг хороосонтой холбогдуулан
гаргасан шийдвэрийн дагуу шударга ёс ялахын төлөө өөрсдөөс хамаарах
бүхнийг хийхийг дахин зөвлөмж болгож байна.
С.Зориг
агсны эхнэрийг хууль бусаар хорьж, эрүү шүүлт тулгаж байна гэх ноцтой
мэдээ сонсоод, мөн үүнтэй холбогдуулан эрх бүхий байгууллагуудаас өгсөн
мэдээлэл байхгүй байгаад цочирдож, гүнээ санаа зовж байна. Холбогдох
хууль тогтоомжийг хатуу баримтлан түүнийг даруй суллахыг уриалъя.
Түүнийг хэрэгт сэжигтнээр татах ямар нэг нотлох шинэ баримт байгаа бол
зөв зохистой ажиллагааны хэм хэмжээг, түүний дотор гэм буруутайг
нотолсон шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл гэм буруутайд тооцохгүй
байх эрхийг бүрэн хэмжээгээр ямагт дээдлэн хүндэтгэх ёстой. Урьд өмнө
мөрдөн байцаах ажиллагааны явцад сэжигтэнтэй буруу харьцаж, албадан
мэдүүлэг гаргуулж байсан. Тухайлбал, мөрдөн байцаах ажиллагаа дөнгөж
эхлэх үед дээрхтэй төстэй нөхцөлд Булганы анх баривчилж байсантай
холбогдуулан хэд хэдэн тохиолдолд санаа зовниж байгаагаа илэрхийлж
байсныг мартаж болохгүй. Хороо энэхүү хэргийг үргэлжлүүлэн судалж, зохих
ёсоор эргэж тайлагнахыг хүсч байна” гэсэн байна.
Тэгэхээр
Олон улсын парламентын хороо ямартай ч ийм нэг зөвлөмж манайх руу
илгээжээ. Уг асуудлыг улстөрийн түвшинд хэрхэн хүлээж авах нь одоогоор
тодорхойгүй.
Б.Булганы
ээж хэвлэлд ярихдаа "-Миний бодож байгаагаар энэ хэрэгт хөндлөнгийн
ямар нэгэн нөлөө орж байхыг үгүйсгэхгүй. Хэргийн явц аажимдаа миний
охиныг баривчилж хорих хүртэл өрнөж байгаагийн цаана ямар нэгэн утга
агуулга байгаа юм болов уу. Яагаад гэвэл, 2016 оны сонгууль угтаж манай
хүргэн, охины минь нөхөр С.Зоригийн амь насаа алдсан хэрэг дахин
сөхөгдөж гарч ирж байгаа шүү дээ. Өнгөрсөн дөрвөн удаагийн сонгуулийн
өмнө талийгаач хүргэний маань амь насаа алдсан аймшигт хэргийг гаргаж
ирж шоу хийж байсан. Энэ удаа ч түүний л нэгэн адил шоу үүсгэв үү гэж
харж байгаа. Тиймээс энэ удаагийн үйл явдлыг хэр зэрэг үнэний хувьтай вэ
гэдэгт эргэлзэж байна.” хэмээн өгүүлсэн байдаг. Түүнийг ийн ярьснаас
хойш ямарч байсан 8 сарын хугацаа өнгөрчээ. Б.Булган чухам яг ямар хэрэг
үйлдсэн талаарх мэдээллийг хуулийнхан гадагшлуулаагүй, хорьсон хэвээрээ
байгаа юм.
Мэдээллүүдээс
үзэхэд С.Зориг агсны эхнэр Б.Булган болоод өөр хоёр хүнийг сэжигтнээр
татан шалгаж байгаа гэх. Өнгөрсөн жилүүдэд, ерэн найман оноос хойш уг
аллагын хэрэгт олон хүнийг шалгаж байсан, харин Б.Булганы тухайд гэрчээр
татагдаж байсан билээ. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд түүнийг эл хэрэгт ямар
нэг хэмжээгээр холбоотой байсан юм биш байгаа гэх хардалт нийгэмд байж
ирсэн нь үнээн. Гэсэн ч С.Зоригийн аллагын хэргийг илрүүлэхээр 17 жил
бэлэн байдалд ажиллаж ирсэн Ажлын хэсэг заавал яг сонгуулийн өмнө учиг
олдог нь бас л сонин давхцал биш гэж үү? Ямартай ч Б.Булганыг нэлээд
чанд хатуу байдлаар шалгаж байгаа гэх мэдээлэл байсан. Эргэлт
оруулахгүй, 24 цагийн турш хурц гэрэлтэй өрөөнд байлгаж байгаа гэж
байсан ч, зарим эх сурвалжууд бол үгүйсгээд байгаа. Б.Булганы ар
гэрийнхэн УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл өгсөн байдаг.
Б.Булганы ээж Д.Байгальмаа өргөдөл гаргах болсон шалтгааныхаа тухайд
"…Биднийг огт уулзуулахгүй, тэр байтугай сүүлийн үед өмгөөлөгчийг ч
оруулахгүй байгаа. Охин минь өвчин хууч ихтэй, тэр нь сэдэрч байгаа
болов уу гэж санаа зовж байна. Өнөөдрийг хүртэл бид биеийн байдлыг нь
мэдэхгүй сууж байна даа”, "…Эргэлт оруулахгүй байгаа. Хоёрхон удаа л
хувцсыг нь сольсон. Ер нь бол 24 цагийн гэрэлтэй нөхцөлд байлгадаг юм
шиг байна лээ” гэхчлэн ярьсан байдаг юм.
Харин тухайн үед Өргөдлийн байнгын хорооны дарга байсан Ж.Батзандан "С.Зориг агсны гэр бүлийн хүн Б.Булганы ээжээс ирсэн өргөдлийг манай байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий прокурорт шилжүүлж, шалгуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэний ч эрх ашиг зөрчигдөх ёсгүй. Хэн нэгнийг эрүүдэн шүүх замаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хориглодог… Миний бие ӨБХ-ны даргын хувьд прокурорт хүсэлт гаргаж, Б.Булгантай уулзах бодолтой байгаа. Тэр хүнийг шалгаж байгаа нөхцөл байдлыг биечлэн харахыг хүсч байна. Аливаа хэргийг шалгахдаа Монгол хүний үндсэн эрхийг эдлүүлэх ёстой. Хэрэв зөрчил байгаа бол түүний эсрэг хуулийн арга хэмжээ авна.” гэж дуугарсан бол Ё.Сагсай хэлэхдээ "Талийгаач С.Зориг агсантай холбоотой хэрэг. Үүнд цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Прокурорын байгууллага хамтарсан ажлын хэсэгт хяналт тавьдаг. Тэгэхээр нэгэнт хэрэг маань нууцын зэрэгтэй явж байгаа учир ажлын хэсгийн үр дүн гэдэг чухал. Ар гэр, шаардлагатай гэр бүлийн гишүүд, өмгөөлөгчдийг уулзуулах асуудал журам зааврын дагуу шийдүүлж болох байх. Энэ бүх өргөдөлтэй танилцсаны дараа албан ёсоор хариуг өгнө” гэж хэлсэн байгаа.
Тэгвэл О.Баасанхүү гишүүн хэлэхдээ "Энэ хэрэг ямар шалтгаанаар нууцын зэрэглэлд орсон гэдэг албан ёсны тайлбараа УИХ-ын гишүүн миний нэр дээр ирүүлбэл сайн байна. Байцаан шийтгэх үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцох эрхгүй. Гэхдээ хууль хэрэгжүүлэхийг шаардах эрх нь УИХ-ын гишүүнд байдаг. Б.Булган гэж хүний хорих хугацааг сунгасантай холбоотой түүний ээж Д.Байгалмаа надтай яриад "Би 80 гарсан хүний хувьд эрүүл мэнд хүнд байна. Гэхдээ нөхцөл байдлыг тэвчээртэй харж байгаа. Хамгийн гол нь үр хүүхэдтэйгээ уулзмаар байна” гэсэн. Хэрэгт шууд хамааралтай үгүйг би мэдэхгүй. Гэхдээ хамааралгүй бол гэр бүлийнхээ хүнтэй уулзах эрхтэй гэж үзэж байна” гэж ярьсан байгаа юм.
За ямарч байсан нөхдүүдийн байр суурь иймэрхүү байгаа. Б.Булганы ээж бол "охиноо ямар нэгэн хэргийн золиос болох вий гэсэн бодол миний сэтгэлд цаг үргэлж төрж байна. Ер нь бол шалгадаг, хянадаг байгууллагууд нь үе үе охиноос юм асууж, тайлбар авдаг шиг билээ. Тэр болгоныг надад ярьж байсангүй. Хааяа л Зоригийн асуудлаар ажлын багтай уулзаад ирлээ гэдэг байсан. Түүнээс өөр зүйл хэлж байсангүй. Гэхдээ өнгөрсөн 17 жилийн хугацаанд энэ хэргийг сонгуулийн өмнө л гаргаж ирдэг. Бид ч үүнийг анзаарч мэдэж байдаг. Энэ удаа ч охиныг минь Төв аймгийн урьдчилан хорих төвд хориход бид сонгуулийн шоу эхэлж дээ гэж бодсон. Гэтэл хэрэг явдал сунжирч байна. Ямар нэгэн хэрэгт холбогдуулах гэсэн гаднын хүч байж магадгүй гэсэн бодол төрж байна. Гэхдээ энэ эх хүний бодол л юм даа.” хэмээн ярьсан байгаа юм.
Мэдээж
өнгөрсөн 17 жилийн туршид илрээгүй С.Зоригийн аллагын жинхэнэ гэмтэн
тодроосой гэсэн хүлээлт Монголчуудад бий гэдэгт эргэлзэх юун.
Эх сурвалж: Шуурхай.мн
Линк: http://www.shuurhai.mn/121972
Сэтгэгдэл