Боловсролын сайд байхдаа “ZTE”-ийн луйвартай холбогдсон Ё.Отгонбаяр Дэд сайдад горилж явна гэв үү?


 

Дэд сайдуудын сандал суудлын марафон өнгөрсөн өдрүүдэд үргэлжилсэн бол өнөөдөр эцэслэгдэх магадлалтай байна. Учир нь өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайдуудын нэрсийг хэлэлцэж, шийдвэрлэнэ гэх мэдээлэл байна. Тэрчлэн дэд сайдын суудал горилж байгаа хүмүүсийн дунд Боловсролын сайд байсан Ё.Отгонбаяр ч байгаа гэх мэдээлэл байна. Тэгэхээр гишүүний суудлаас татгалзлаа гэгдээд байсан түүнд төрд үлдэх ашиг сонирхол байгаа л юм байна. Ямартаа л  Эрүүл мэндийн дэд сайдын суудал горилоод явж байхав дээ. Ер нь түүнд эрх мэдэлтэй байх ашиг сонирхол байж ирснийг бататгах мэдээллүүд бий.

Түүний гэр бүлийн хүн О.Эрдэнэсолонгыг бараг л хагас их наяд монгол төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг эргэлдүүлэн угаасан гэх үндэслэлээр барьж хорьсон ч, явцын дунд сулласан. О.Эрдэнэсолонгын нэр бүхий дөрвөн банкин дахь дансуудаар лав хагас их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар болон монгол төгрөг орж гарсан гэх мэдээлэл анх гарсан. Явцын дунд үгүйсгэх талаас нь Ё.Отгонбаяр хэлж ярьсан ч, бүрэн дүүрэн баталгааг ил гарган тавьж чадаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй.

За мөн Ё.Отгонбаяр  "ZTE”-тэй хэрхэн холбогддог болохыг тодотгон хүргэж байна. Тэрээр сайдын суудалд заларч байх үедээ энэ компанитай түншилчихсэн байдаг. МАН-ын сонгуулийн амлалтууд дотор  "Монгол хүний оюуны чадварыг хөгжүүлэх зорилт”-ын хүрээнд  "Ерөнхий боловсролын сургуулийн бүх багшийг зөөврийн компьютертэй болгоно” гэсэн заалт байсан. Мэдээж тэр амлалтыг салбар хариуцсан сайд нь ажил хэрэг болгох үүргийг нэг талаас хүлээсэн ч хэрэг дээрээ өөртөө ашигтайгаар хийчихсэн байдаг. Монгол-Хятадын Засгийн газрын хооронд яригдсан 300 сая долларын хөнгөлөлттэй зээл бүтэж үүнээс эрүүл мэнд, боловсролын салбарт 60 сая ам.доллар зарцуулахаар болсон байдаг.  Улмаар БСШУЯ 40 сая долларын өртөгтэй төслөө  "Шинэ зууны боловсрол” гэж нэрлэн гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулахаар тендер зарлажээ. Харин тэрхүү тендерт нь  Хятадын "ZTE”, "Haier” болон Америкийн "Интел” "Майкрософт” компанийн консерциум оролцсон  байдаг. Тендерийг хариуцан гүйцэтгэх Үнэлгээний хороог БСШУ-ны төрийн нарийн Д.Далайжаргалын тушаалаар байгуулж, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд багтжээ.  Үнэлгээний хороо оролцогчдын баримт бичгийг хянаж үзэж байх зуур Д.Далайжаргал дахин тушаал гаргаж Мэдээлэл харилцаа холбооны газрын дарга Д.Бат-Эрдэнийг нэмж оруулсантай зэрэгцэн тендерт оролцогчдод тавьсан техник технологийн шалгуур үзүүлэлт өөрчлөгдөж оролцогчид нь Монгол Улс даяар сүлжээтэй байх ёстой гэсэн шаардлага тавьжээ.  Уг нь тэрхүү тендер нь зөөврийн компьютер нийлүүлэх тухай л болохоос дагалдах сүлжээний талаар анхнаасаа яригдаагүй байдаг. Мөн  "технологийн давуу” талтай гэх "ZTE” компани нь ямар ч компьютер үйлдвэрлэдэггүй болохыг Үнэлгээний хорооныхон мэдээгүй байсан гэхэд үнэндээ эргэлзмээр. Шалгаруулалтын үзүүлэлтүүдийн хувьд  "Haier” компани нийцэж байсан ч, БСШУЯамны төрийн нарийн бичиг Д.Далайжаргал өнгөрөгч оны  гуравдугаар сарын сүүлээр "Шинэ зууны  боловсрол” төслийн сонгон шалгаруулалтаас "Haier” компанийг хассан тухай албан тоотоор мэдэгдсэн байдаг. Анхаарал татах нэг мэдээлэл байдаг нь түүнийг ийнхүү мэдэгдэхээс хэд хоногийн өмнө  тендер аль хэдийнэ дээгүүрээ шийдэгдчихсэн байсан тухай Сангийн яамнаас мэдээлэл гадагшилсан байдаг. Ямар ч шалтгаангүйгээр хасагдсан "Haier” нь эхлээд БСШУЯ-нд гомдол гаргаж тендерийг дүгнэсэн сонгон шалгаруулалтын дүгнэх хуудсыг өгөхийг хүсчээ. "Haier” нь компьютер үйлдвэрлэдгээс гадна "ZTE”-гээс 6 сая доллараар хямд үнийн санал өгсөн атал харин өндөр үнэ хэлсэн нь ялчихсан байдаг.  БСШУЯ таг дуугүй суугаад байхаар нь Сангийн яаманд ханджээ. Бас л албан ёсоор хариу аваагүй боловч 40 сая долларын өртөг нь 6 саяар нэмэгдсэнийг олж мэджээ.  Улмаар "Haier” тендерийн баримт бичигт хөндлөнгийн дүгнэлт гаргаж өгөхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандахад хоёр шинжээчийг томилж өгчээ. Шинжээчид  хоёр өдрийн дотор нарийн техникийн үзүүлэлттэй 3 боть материалыг  судалж үзээд "ZTE” компанид технологийн давуу тал байсан гэсэн үндэслэлийг баталж, Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчинтэй гэж дүнг тавьжээ. Гэсэн ч  "Haier”  хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан. Тиймээс нөгөөх Д.Далайжаргал  "Haier”-ийнхантай ойлголцох гэж  "ZTE”-гийн бие төлөөлөгчийг дагуулан ирж нэг өдрийн дотор хоёр  уулзалт хийсэн байдаг. Тэгэхдээ  "Тендерт танай компанийг оролцуулъя, "ZTE” танайхаас зөөврийн компьютер авна” хэмээн ятгаж байжээ. Харин  "Haier” заргаасаа буцаахгүй гэдгээ мэдэгдсэн байдаг. Тиймээс хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур Ё.Отгонбаяр сайд өөрөө "Haier”-ийн Монгол дахь төлөөлөгчтэй бус толгой компанитай нь шууд харьцаж эхэлсэн байдаг. Өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 11-13-ны хооронд Монголын соёлын өдрүүдийн нээлтээр Бээжинд очсон гэх боловч "Haier” компанийн төв байранд урьдчилан тохиролгүйгээр очжээ. Тэгэхдээ нөгөөх өрсөлдөгч болох "ZTE” компанийхантай нь  хамт явсан байдаг. Сайд тэдэнд хандан заргаасаа буцвал тендерийн комьютерийг "ZTE”-гийнхэн "Haier”-ээс худалдаж авъя гэсэн ч дахиад л үгүй гэсэн хариулт авсан байдаг. Улмаар Ё.Отгонбаярын "ZTE”-тэй холбогдсон луйврын тухай чимээ дуулдаж эхэлсэн юм.

Ё.Отгонбаяр оройлж, олон хүн дагалдсан энэ луйврын тендерийг хууль хяналтынхан үнэн зөвөөр нь шийдэх учиртай. Төрийн сайдын нэр сүрээ ашиглан улсынхаа нэр хүндийг унагаж явсан энэхүү үйлдлийнхээ төлөө Ё.Отгонбаяр огцрох ёстой байсан ч, тэр тэгээгүй.  Сүүлд сонгуульд нэр дэвшихээс татгалзсан харагддаг ч, өнөөдөр эрх мэдэл горилоод л явж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн
Линк: http://www.shuurhai.mn/121990


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.