Ирэх дөрвөн жилд монголын улс төр улбайж, сулбайсан амтгүй хоол шиг, өрсөлдөөнгүй, байдлаар үргэлжлэх нь тодорхой болов. Төрийн эрхэнд МАН 62-уулаа засаглаж, төрийн гурван өндөрлөгийг тус намын гурав өнгөлж суугаа. Урьд урьдын жилүүдэд ядаж л сөрөг хүчний гишүүн гурван өндөрлөгийн нэг суудалд нь заларч, хаяа ч гэсэн ганц нэг улс төрийн тов хийсэн тоглолт явуулчихдаг байлаа. Үгүй ядах нээ хүчгүй ч гэсэн Ерөнхийлөгч хуулинд хориг тавьж, хуулийн процесс яаж үргэлжлэх ёстой гэдгийг эрх баригч нарт сануулчихдаг байсан. Гэтэл МАН 100 жилийнхээ ойгоор Ерөнхийлөгчтэй болно гэж зүтгэсээр байгаад ил далд башир аргаар төрийн гурван өндөрлөгийн суудлыг тэр чигт нь авчихсан.
Энэ удаагийн парламентад МАН 62, сөрөг хүчин гэгдэх Ардчилсан нам 13, ХҮН нэг суудалтай байгаа. Үнэндээ бол нэг нам төрийн эрхэнд 76 уулаа сууж байгаагаас нэг их ялгараад байх зүйлгүй гээд хэлчихэд хол зөрөхгүй. Учир нь Ардчилсан намынхан сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх нь битгий хэл дотроо учраа олохгүй, биенээ хөөж, буцаж нэгдээд хөл толгойгоо олохгүй хөөцөлдөж тоглож байна. Тэнд дунд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх ганц эсэргүү гишүүн ч байхгүй МАН-д амаа үдүүлчихсэн хэдэн хүн бий.
Харин УИХ-д ганц суудалтай ХҮН эрх баригч намынханд дагаар орж, тэнтэй баруун, зүүн гарын тохироотой төрд "орогнож” сууна. Угтаа бол Т.Доржханд тэргүүтэй тус намынхан дараагийн дөрвөн жилд Ардчилсан намын байр сууринд буюу улс төрийн хоёрдогч хүчний үүрэгтэй төрд сууна гэх тохироогоор МАН-тай тохиролцож, тэднийг дэмжиж суугаа гэх цуу яриа бий. Үүнийгээ ч өнгөрсөн хоёр удаагийн сонгуульд батлан харуулаад амжсан. Ингээд монголын улс төр 1990 оноос өмнөх тэр цаг хугацаандаа ухарч, МАН-ын эрхэнд ороод буй. Уг нь улс төрд өрсөлдөөн, мэтгэлцээн, сөрөг хүчний үүрэг байж илүү амттай болж, хэрүүл, шүүмжийн дундаас оновчтой бодлого гардаг баймаар.
Харин өнөөдөр улс төрийн давцанд ганцхан МАН гэх нэг хүчин массаараа, урсгалаараа төрийн бодлого тодорхойлж байгаа юм. Өргөн барьсан хуулийн төслүүдээ унших нь битгий хэл сөхөж харалгүй гарын үсэг зураад явуулдаг, түүнийг нь гишүүд хэлэлцсэн болоод ногоон гэрлээр баталдаг ийм л унж дорой байдлаар төрийн ажил үргэлжилж байгаа нь харамсалтай.
Арай хийж 62 суудлаа Их хуралд авч үлдсэн тэд дахиад л хэд хэдэн хүний парламентаас явуулах төлөвлөгөө боловсруулж, эхний сумуудаа тавьсан нь илт болов
Саяхан хүртэл гишүүд нь хуулийн төслөө уншдаггүй, өөрсдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд нь ямар зүйл заалт орж байгааг нь мэддэггүй явсан тохиолдол ч гарсан удаатай. Нэг нам дангаараа төрийн эрхэнд суух нь ямар ч амтгүй гэдгийг тэд мэдэрч эхэлсэн бололтой. Өөрөөр хэлбэл, ганцаардаад эхэлбэл дотроо бугшиж, сүүлдээ идээ бээр болтлоо буглаж, түүнийгээ дийлэхгүй шахагдаж, гарч эхэлдэг жишээ сүүлийн үед МАН-д үйлчилж эхэлж байх шиг.
Өөрөөр хэлбэл, 62 хүний эрх ашгийг нэг зэрэг хангаж чадахгүй учир эрх мэдэл, албан тушаалд очихыг санаархагчид дотроо тэмцэлдэж, нэг нэгнээ чангааж, нэр хүнд олох марафонд гарсан гэсэн үг.
Улмаар намынхаа бодлого, Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэж, ард түмний нүдэнд өртөх, анхаарал татах сэдвүүдийг зарим нь шүүрч аваад уралдаж ярина. Харин нөгөө хэсэг нь нам доторх бугшсан асуудлуудаа ил болгож, асуудалтай, өндөр карьертай нэгнээ түлхэн унагаах ажиллагаанд орсон болж таарах нь. Арай хийж 62 суудлаа Их хуралд авч үлдсэн тэд дахиад л хэд хэдэн хүний парламентаас явуулах төлөвлөгөө боловсруулж, эхний сумуудаа тавьсан нь илт болов. Тодруулбал, сонгуулийн дуулианд хэсэг дарагдаад байсан УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хэрэг дахин сөхөгдөж, түүнийг эгүүлэн татах асуудал гарч ирсэн бол өчигдөрхөн парламентаас "явах” дараагийн гишүүний нэр сөхөгдөв.
Эх сурвалжуудын мэдээллээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хүчингийн хэрэгт нэр холбогдож, эгүүлэн татах гишүүдийн жагсаалтад бичигдсэн гэнэ. Улмаар түүний сонгогдсон Дорнод аймагт нөхөн сонгууль явуулах шуум гарч, энэ сургаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр хүч үзэхээр Дорнодод ажиллаад эхэлсэн сурагтай. Ийн МАН-аас дахин хоёр суудал эзгүйрч мэдэхээр нөхцөл байдал үүсчихжээ.
Түүгээр ч зогсохгүй Засгийн газрын байр байдал эвгүйтэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайдын суудлаа хамгаалахаа арга чаргаа барж байгаа гэх нь ч бий. Ямар сайндаа л Оюутолгой, "Рио Тинто”-гийн асуудлыг сүүлийн үед Засгийн газар анхааралдаа авч, тэдэнтэй ашигтай тохироо хийх талаар ярилцаж эхэлсэн. Хэдий Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Оюутолгойн гэрээг Монголын талд ашигтай болгохоор ажиллаж байгаа гэж хэлж ярьж байгаа ч өнөөдрийн өндөрлөгөөс харахад Засгийн газраа аварч үлдэх арга эндээ сүвэгчилж мэдэхээр байна.
Засгийн газрын халаа сэлгээ, шинэ сайдын томилгооны сургаар тус намынхан хөдөлгөөнд орж, намын нөлөө бүхий томчууд өөрсдийн хүнээ сайдын суудалд томилуулахаар хоорондоо хуйвалдаж эхэлсэн гэх. Энэ байдлаараа МАН дотроосоо "өтөж" хүчээ тарамдаж мэдэхээр байна.
https://ergelt.mn/news/35/single/15087
Сэтгэгдэл