Боловсрол, шинжлэх ухааны яамны Хууль зүйн хэлтсийнхэн ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл сөгнөн баярын ширээ засаж авахуулсан зураг цахим орчинд цацагдлаа.
Ажлын байран дээр архидан согтуурахыг хориглож, зөрчил гаргасан тохиолдолд хатуу хариуцлага тооцохоо төрийн албан хаагчдад тухайн үед У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа анхааруулсан.
Өмнө нь төрийн албаныхан ажлын байрандаа, тэр бүү хэл төрийн ордонд хүртэл архидан согтуурсны улмаас үйлдэгдсэн ноцтой хэргүүд одоо ч хуучраагүй байна. Тиймээс ч 2018 оны наймдугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас төрийн байгууллагын ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон тэсэрч дэлбэрэх бодис, мэс болон хүйтэн зэвсэг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэхийг хатуу хориглож, нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд сахилгын хариуцлага тооцож, хадгалж, хэрэглэсэн нь тогтоогдвол шууд ажлаас халах шийтгэл ногдуулах шийдвэр гаргасан юм.
Дараа нь 2019 оны хавар ЕБС-ийн багш нар сурагчдынхаа дэргэд төрсөн өдрөө тэмдэглэж байгаа зураг цахим орчинд цацагдаж улмаар тухайн багш нарыг ажлаас нь халсан. Тэгвэл энэ удаад төрийн тусгай хамгаалалттай байгууллага буюу төрийн яаманд ийм явдал болсныг цахим хэрэглэгч олон нийтэд илчиллээ.
Тэрбээр "Энх-Амгалан Лувсанцэрэн сайд аа энэ нөхдүүд дээрээ арга хэмжээ авч, ажлаас халахыг шаардаж байна. Боловсролын яамыг бодлогын, цомхон, цэгцтэй яам болгоход энэ мэт нөхдийн ичгүүр, сонжуургүй явдал маш ихээр саад болж буйг та эрх ч биш гадарлах биз. Яаж явахаараа төрийн тусгай хамгаалалттай төрийн яам руу архи дарс нэвтрүүлснийг олж тогтоож, арга хэмжээ авах нь зөв байх.
Саяхан Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ирсэн Л.Цэдэвсүрэн гуай та өөрийн #хонгилын энэ нөхдүүдээ ямар нэгэн сонирхлын зөрчлөөр хамгаалалгүй арга хэмжээгээ аваарай!!!
Төрийн хуулийг ёсчлон биелүүлэх нь төрийн яамнаас эхлэх ёстой. Хуулийг алагчлалгүй биелүүлдэг байхыг иргэд, олон нийт хүсэж байна. Үүнийг л #NoDoubleStandart гэх байх...
Зураг дээр: Боловсрол, шинжлэх ухааны яамны Хууль зүйн хэлтсийн Баярмаа, Мөнгөнбагана, Нямхүү, Гадаад харилцааны хэлтсийн Энхбаяр нар байгаа юм байна" гэжээ.
Сэтгэгдэл