Ой 4 сартай хүүхдээ модоор цохиж хөнөөсөн эцэгт 20 жилийн хорих ял оноолоо


Ой 4 сартай хүүхдээ модоор цохиж хөнөөсөн эцэгт 20 жилийн хорих ял оноолоо

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Золбоосайханд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцлээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд Ж.Золбоосайханыг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8-д зааснаар 20 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Ж.Золбоосайханд 20 жил хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хэргийн эргэн сануулахад, өнгөрөгч оны 10 дугаар сарын 26-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт эцэг нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 1 нас 4 сартай хүүхдээ саваа модоор зодож, амь насыг нь хохироосон хэрэг гарсан юм. Тус хэрэгт хохирогч хүүхдийн эцэг 33 настай З-г холбогдуулан 20 жилийн хорих ял оноогоод байсан юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.