Гэр оронгүй, тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийг хамгаалалтад авч, эмнэлгийн тусламж үзүүлжээ


Гэр оронгүй, тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийг хамгаалалтад авч, эмнэлгийн тусламж үзүүлжээ

 

Нийслэлд амьдарч байгаа гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг аливаа эрсдэлээс хамгаалах, “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, халамжийн үйлчилгээнд хамруулах нэгдсэн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулжээ.
Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Нийгмийн хамгааллын тусгай төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газар нь гэр оронгүй, тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийг олж тогтоох, цуглуулах, бүртгэлжүүлэх ажлын хүрээнд 602 орон сууцны 1,315 орц, хонгил, 12 барилга байгууламж, хүнсний долоон зах, худалдааны төв, дулааны 52 худаг, хоёрдогч түүхий эд авах цэгт үзлэг шалгалт хийж, гэр оронгүй 239 иргэнийг олж тогтоон, бүртгэлжүүлжээ. Тэднээс 96 иргэнийг Нийгмийн хамгааллын тусгай төвд, 118 иргэнийг түр хоноглох үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бус таван байгууллагад байршуулсан бол 24 иргэнийг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Түүнчлэн гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдээс сүрьеэ, ДОХ, тэмбүү, элэг, цусны ерөнхий шинжилгээ зэрэг бүх төрлийн шинжилгээ авч, цээжний рентген зураг авсны сацуу сэтгэцийн эрүүл мэнд, дотор, мэдрэл зэрэг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Дээрх иргэдэд “Ковид-19” цар тахлын түргэвчилсэн оношлуураар шинжилгээг хийхэд 238 иргэний хариу сөрөг гарчээ. Шинжилгээний хариу нь эерэг гарсан нэг иргэнийг “Энэрэл” эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.