"Херо" Б.Баатар төсвийн мөнгийг ингэж "ИДДЭГ"


"Херо" Б.Баатар төсвийн мөнгийг ингэж "ИДДЭГ"

 

"Женко” Х.Баттулга Ерөнхийлөгч болоход "Херо” Б.Баатар тодорч, томорсон. Тэгвэл төөрч яваад, төөргөөр учирсан төрсөн дүү нь Ерөнхий сайд, төрснөөс өөрцгүй "топор” ах нь Ерөнхийлөгч болсноос хойш "Херо” Б.Баатарын жинхэнэ эрин үе эхэлжээ. Хүүхэлдэйн киноны зураач "Херо” Б.Баатар өдгөө Монголын улс төрийг "зурдаг” болж, зурсныхаа шанг татвар төлөгчдөөс тэрбум тэрбумаар нь авч байна. Товчхондоо, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь "Херо” Б.Баатар гэдэг ганц "Пи-Ар”-чингаар хэлэх үг, хийх үйлдлээ заалгадаг, заалгасныхаа төлбөрийг төсвөөс тоолж өгдөг болсон гэсэн үг л дээ. Тэгвэл "Херо” Б.Баатар хэрхэн төсвийн мөнгөөр тоглож, төрсөн дүүдээ эрхэлж байгааг багаас нь өгсүүлэхээр бэлтгэлээ. 
             Б.Баатар нэр дээр "Херо пикчерс” ХХК, "Херо энтертайнмент групп” ХХК, "Алтан агсарга” ТББ, "Бествишн” ХХК, "Монгол жиргээчдийн нийгэмлэг” ТББ, "Үндэсний хит "ТББ, "Хүрэнхад нөхөрлөл” ББН, "Эйч И Ар Өү” ХХК, "Хүүхдийн төлөө фонд” ТББ тус тус бүртгэлтэй байна. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын "Бэрс” гэх компанийг байгуулжээ. "Херо пикчерс” ХХК, "Бествишн” ХХК-ийг эх нэгт төрсөн дүү Б.Өнөржаргал, ээжийнхээ төрсөн дүү Г.Оюунтөгс нартай хамт эзэмшдэг бол "Херо энтертайнмент” ХХК-ийг эцэг нэгт төрсөн дүү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамт эзэмшдэг. Харин "Үндэсний хит” ТББ-ыг МАН-ын алдарт "пиарч” гэх А.Амундра, "Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн гэх Б.Батнягт нартай эзэмшдэг ажээ. "Эйч И Ар Өү” ХХК-ийг хуучин эхнэр Ч.Ундралтай эзэмшдэг бол "Бэрс” ХХК-ийн ганцаараа эзэмшиж байна. 

"Херо” Б.Баатар дээрх компаниудаараа болон хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан төсвийн мөнгийг түрийвчиндээ байгаа мөнгө шигээ л үрдэг аж. Жишээ нь, "Херо пикчерс” ХХК-иараа Ерөнхийлөгчөөс кино хийнэ гэж 78 сая төгрөг, "Херо энтертайнмент” ХХК-иараа УИХ-ын даргаас гэрээт ажил гүйцэтгэсэн гэж 65 сая төгрөг гэх мэтээр "хумсалсаар” байгаа баримтууд байна.

Гэхдээ энэ удаад илүү сонирхолтой байх болов уу, гэсэн үүднээс төрсөн дүү Л.Оюун-Эрдэнийнхээ Засгийн газраас ямар замаар мөнгө "сааж” байгааг нэгэн "жижигхэн” жишээгээр харуулъя. 

            Соёлын яамнаас "Зэв эв партнерс” 9.900.000, "Нийгмийн бүлгийг соён гэгээрүүлье” ТББ 9.800.000, иргэн Өнөржаргал 8.820.000, Оюунтөгс 7.650.000, Лхагвадолгор 8.910.000, Лхагвасүрэн 8.850.000 гэх учир битүүлэг гүйлгээнүүдийг нэг өдрийн дотор хийжээ. Гүйлгээний утга дээр "Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ” гэсэн байна. Чухам ямар ажил гүйцэтгүүлсэн тухай мэдээлэл огт алга. Судлаад үзвэл, Соёлын яамнаас учир битүүлгээр мөнгө авсан дээрх иргэн, аж ахуйн нэгжүүд "Херо” Б.Баатарын хамаарал бүхий этгээдүүд байх ажээ. Ганц өдрийн дотор авсан гэхэд хэтэрхий ил цагаан, хэтэрхий увайгүй үйлдэл.
Тодруулбал, 
 
1. Соёлын яамнаас 9.9 сая төгрөг авсан "Зэв эв партнерс” ХХК-ийг судлаад үзвэл, 2019 оны тавдугаар сард байгуулагдсан компани бөгөөд Ц.Баасанжав гэх залуу захирлаар нь ажилладаг ажээ. Сонирхолтой нь, Ц.Баасанжав нь "Херо” багийн хүн аж. Жишээ нь, Хакухо М.Даваажаргалын оролцсон "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зураг авалтаар "Херо” багийнхантай цуг Япон хүртэл явж байж. Өөрөөр хэлбэл, "Херо” Б.Баатарын хамаарал бүхий этгээдийн компани гэсэн үг. Илүү сонирхолтой нь, Засгийн газраас санхүүжүүлсэн, "Херо” Б.Баатар найруулсан гэх шүүмжлэл дагуулсан өнгөрсөн хаврын "Мэдээллийн урсгал” контентын ивээн тэтгэгчээр  "Зэв эв партнерс” ХХК ажиллажээ. Үндэстэн даяар цацагдсан контент ивээн тэтгэх хэмжээний чадамжтай компани уу гээд судлаад үзвэл, уран сайхны болон баримтат кино хийх, дуу, дүрс бичлэг хийх, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах үйл ажиллагааны чиглэлтэй, үйл ажиллагаа явуулж байсан ямар ч түүхгүй байхгүй юм байна. Гэтэл Шангрилла мэтийн "луйхрууд”-тай зэрэгцээд "Мэдээллийн урсгал” контентын ивээн тэтгэгчээр ажилласан нэр зүүжээ. Бүхэл бүтэн контент ивээн тэтгэдэг компани атлаа Соёлын яамнаас 9.900.000 төгрөг авсан гэхээр бүр ч анхаарал татаж байгаа юм. Хэдийгээр бага мөнгөн дүн харагдаж байгаа боловч ердөө мэдэгдэж байгаа ганц нь байвал яах вэ гэсэн үг дээ. Эндээс харвал, "Улсын төсвөөс мөнгө аваагүй, аж ахуйн нэгжүүдийн ивээн тэтгэлгээр зохион байгуулсан” гэж олны шүүмжлэлээс бултсан "Мэдээллийн урсгал” контентыг "Херо” Б.Баатар найруулсан юм байна, тэгээд болоогүй өөрийн хамаарал бүхий, байгуулагдаад удаагүй, үйл ажиллагаа явуулж байгаагүй "Зэв эв партнерс” ХХК-иараа ивээн тэтгүүлсэн дүр үзүүлж, тус компаниар дамжуулан төлбөрөө авсан гэж харагдаж байна.  Сонирхуулахад, "Мэдээллийн урсгал” контентыг "Зэв эв партнерс” ХХК-иас гадна "Би Ар Би” ХХК ивээн тэтгэжээ. Тэгвэл "Би Ар Би” ХХК-ийн захирлаар Ж.Энхжаргалан ажилладаг бол Соёлын сайд Ч.Номин, түүний төрсөн дүү Ч.Батхүү нар хувь эзэмшиж байгаад, саяхан нэрээ хасуулжээ. 

2. Соёлын яамнаас 9.8 сая төгрөг авсан "Нийгмийн бүлгийг соён гэгээрүүлье” ТББ-ыг судлаад үзвэл Г.Удаанжаргал, Ц.Баасанжав, Г.Оюунтөгс нарын гурван хүний нэр дээр байдаг ажээ. Сонирхолтой нь, Г.Удаанжаргал нь "Херо” Б.Баатарын төрсөн дүү Б.Өнөржаргалын нөхөр, Г.Оюунтөгс нь "Херо” Б.Баатарын ээжийнх нь төрсөн дүү, Ц.Баасанжав нь дээр дурдсан "Зэв эв партнерс” ХХК-ийн захирал ажээ. Түүнчлэн "Херо” Б.Баатарын эзэмшдэг "Алтан агсарга” ТББ-ын "Улаанбаатар хот, Баянгол, 18-р хороо, 4-р хороолол, жалханц хутагт дамдинбазар, хд-86/2, 1-6 тоот” хаяг дээр давхар бүртгэлтэй байдаг ажээ. Товчхондоо, өнгөрсөн оны долдугаар сард байгуулагдсан, ямар ч үйл ажиллагааны түүх байгүй, энэ төрийн бус байгууллага нь төсвөөс мөнгө "саах” зорилготой ТББ нь гэдэг нь илэрхий харагдаж байна. 

3. Соёлын яамнаас тус бүрдээ 8-9 сая төгрөг авсан иргэдийг хайж үзвэл цөм "Херо” Б.Баатарын тойрон хүрээлэгчдийн нэртэй таарч байх ажээ. Тухайлбал, 8.8 сая төгрөг авсан Өнөржаргал гэгч нь "Херо” Б.Баатарын төрсөн дүү Б.Өнөржаргалтай, 7.6 сая төгрөг авсан Оюунтөгс гэгч нь "Херо” Б.Баатарын ээжийнх нь төрсөн дүү, "Херо пикчерс” ХХК-ийн хувь эзэмшигч Г.Оюунтөгстэй, 8.9 сая төгрөг авсан Лхагвадолгор нь "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн эвлүүлэгч Б.Лхагвадолгортой, 8.8 сая төгрөг авсан Лхагвасүрэн нь "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зургийн дарга Н.Лхагвасүрэнтэй тус тус нэр нь таарч байгаа юм. Товчхондоо "Херо"-гийнхноос хэн дуртай л Соёлын яамнаас мөнгө "саадаг" байх нь л дээ. Сонирхуулахад, Нэгэнт "Херо” Б.Баатарын төрсөн дүү Б.Өнөржаргалын нэр яригдсаных түүнийг товч танилцуулъя. Тэрбээр Замын-Үүд дэх Гаалийн газрын улсын ахлах байцаагчаар ажилладаг. Мөн "Херо” Б.Баатарын "Херо пикчерс” ХХК, "Бествишн” ХХК-д хувь эзэмшдэг аж. Түүнчлэн "Жи Эн Ти Эл” ХХК-д хувь эзэмшиж байгаад нэрээ хасуулсан. Тус компанийг Н.Ялалт гэх залуу эзэмшдэг бөгөөд Женкогийн "хүн”, бас Б.Баатарын фитнесийн хамтарч нь. Тэгвэл Б.Өнөржаргалын нөхөр Г.Удаанжаргал нь "Алтан говийн элс” ХХК-ийн захирлаар ажилладаг ажээ. Тус компани нь гаалийн зуучлал болон төмөр замын тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлдэг юм байна. Эхнэр нь гаалийн байцаагч, нөхөр нь гаалийн зуучлалын компанитай гэхээр ашиг сонирхлын зөрчилтэй л харагдаад байгаа юм. 
          Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эцэг нэгт төрсөн ах "Херо” Б.Баатарыгаа татвар төлөгчдийн мөнгөөр туйлуулж ядаад цар тахал дундуур тас зөрөн байж 2020, 2021 оны улсын баяр наадмын нээлт болон "Мэдээллийн урсгал”, "Карантин-14”, "Аса станц” зэрэг өргөн нэвтрүүлгийн сувгуудаар орон даяар цацагдсан контентуудыг найруулах эрх өгсөн, татвар төлөгчдийн хэдэн тэрбумаар тоологдох мөнгөөр "тоглуулсан”  хэл амтай яваа. Гэтэл нэмээд "Херо” Б.Баатарын ах дүү, амраг садан, ажлын хамтрагчид нь хүртэл төсвийн мөнгө рүү гар дүрдэг, дураараа авирладаг гэдэг нь дээрх баримтаас харагдаж байна. 

Энэ мэтээр "Херо”-гийнхний улсын төсвөөс хумсалсан, хулгайлсан жишээнүүд хэдэн арваар тоологдох нь. Хаана очиж "Херо” Б.Баатарын хаанчлал төгсөх бол, тэр хүртэл бид түүнд хэдийг төлөх бол...

Эх сурвалж: Ergelt.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.