Наймдугаар ангийн хөвгүүд зодолдож, нэгнийхээ дөрвөн шүдийг булгалсан хэрэг гарчээ. Тодруулбал, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангийн хоёр хүү хичээл тарсны дараа сургуулийнхаа орчимд зодолдож, ийнхүү нэгнээ гэмтээсэн байна.
Зодооны улмаас нэг хүүгийн үүдэн, дөрвөн шүд булгарсан бөгөөд тухайн хүүхдэд эмчилгээ хийлгэхээр ар гэрийнхэн нь Улаанбаатарт авчраад байгаа юм байна.
Энэ асуудлаар хүүгийн гэрийнхэн ангийн багш Э-д гомдол мэдүүлэхэд "Хичээлийн бус цагаар зодолдсон учир надад хамаагүй. Хүүхдээ хичээлд нь ирүүл, миний цалин хасагдах гээд байна. Үгүй бол хүүхдээ манай ангиас гаргаж болно” гэсэн байр суурь илэрхийлсэн учир хүүгийн ар гэрийнхэн нь гомдолтой байгаа аж.
Уг асуудлаар бид Архангай аймгийн Боловсролын газартай холбогдон тодруулахад "Ийм хэрэг гарсан нь үнэн. Манай газраас холбогдох хүмүүс тухайн сургуультай холбогдож, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн Цэцэрлэг сум дахь Хүүхэд хамгааллын хамтарсан баг ажиллаж эхэлсэн” гэсэн тайлбар өглөө.
Сэтгэгдэл