Өмнөд Солонгосын Хүний Эрхийн Үндэсний Хороо монгол охины хэргийг нарийвчлан шалгахаар болжээ


 
 
Солонгосын Хүний Эрхийн Үндэсний Хорооны төв байр

Өмнөд Солонгос улсын Хүний Эрхийн Үндэсний Хороо монгол охиныг ангийнх нь дөрвөн охин дээрэлхэж, биед нь халдсан хэргийг мөрдөн шалгахаар болсноо өчигдөр буюу Лхагва гарагт зарлажээ.

"Тухайн хэргийн мөрөөр сургууль, орон нутгийн боловсролын газар анхан шатны арга хэмжээ авсан эсэх, сурагчдын дунд гардаг дээрэлхэл хүчирхийллийн хэрэгт хариуцлага тооцох систем хэрэгждэг эсэх, цагдаагийн байгууллага мөрдлөгийн явцад алдаа гаргасан эсэх, хохирогчийг хамгаалж чадсан эсэхийг бид нарийвчлан шалгах ёстой гэж үзлээ” гэж тус хорооноос гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна.

Уг мэдэгдэлд цааш өгүүлэхдээ "Ямар угсаа гаралтай байхаас үл хамаараад цөөнхийн эрх, ашиг сонирхлыг ямар ч тохиолдолд хамгаалдаг байх ёстой. Хэрвээ мөрдөн шалгах явцад хүний эрх зөрчигдсөн нь батлагдвал бид дахин ийм хэрэг гаргахгүй байлгахад шаардлагатай арга хэмжээг авах болно” гэжээ.

Энэ оны долдугаар сард Өмнөд Гёнсан мужийн Янсан хотын дунд сургуулийн дөрвөн сурагч охин ангийнхаа Монгол улсаас ирсэн сурагч охины биед халдаж, дээрэлхсэн хэрэг гарсан нь саяхан ил болсон юм.

Охид хохирогчийг зургаан цагийн турш хүлж, зодож, энэ үйлдлийнхээ дүрс бичлэгийг онлайн сүлжээнд тараасан байна. Энэ үедээ хохирогч охины духан дээр угсаа гарлаар нь ялгаварлан гадуурхсан агуулгатай үг бичсэн байжээ.

Хохирогч 10 жилийн өмнө эцэг эхийн хамт Монгол улсаас цагаачилж ирсэн хүүхэд байв.

Хэсэг иргэд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордны вэб хуудсанд буруутай этгээдүүдэд хатуу хариуцлага тооцохыг шаардсан цахим өргөдөл үүсгэсэн нь Лхагва гарагийн 14:00 цагийн байдлаар 220,000 орчим хүнийг нэгтгэжээ.

Эх сурвалж: Korea Times

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.