Хүн төрөлхтний эв нэгдлийн хамгийн том баяр болох Олимпийн наадам эдгээр өдрүүдэд болж буй. Рио-2016 наадмаас манай тамирчид одоогийн байдлаар нэг мөнгө, нэг хүрэл медаль авч ард олноо баясгаад байгаа билээ. Энэ цаг мөчид Рио-2016 наадамд зориулсан гэх тодотголтой дэлхийн хамгийн том ханын зураг буюу гудамжны графит зургийг та бүхэнд сонирхуулж байна.
Бразилийн Сан Паулаас гаралтай уран бүтээлч Эдуардо Кобра Олимпийн наадамд зориулж дэлхийн хамгийн том ханын зургийг урласан байна. Энэ нь ганц хүний зурсан хамгийн том ханын зураг гэдгээрээ Гиннесийн дээд амжилтыг эвджээ.
"Угсаатан” хэмээн нэрийдсэн бүтээлээрээ тэрбээр дэлхийн хүн төрөлхтөн бол нэг л үндэстэн бөгөөд хэл соёлоороо ялгарах авч нэг дэлхийн хүмүүс юм гэдгийг илэрхийлэхийг хүсчээ. Ази, Араб, Африк зэрэг таван угсаатны төрхийг та харж болно.
15,2 метр өндөртэй, 2972 метр кв хэмжээ бүхий уг ханын зураг нь таван өөр угсаатны төлөөллийг дүрсэлжээ. Энэ нь таван тивийн буюу Олимпийн наадмын таван цагаригийг бэлгэдсэн аж.
378 литр цагаан будаг, 1514 литр будаг (бусад өнгө) болон 3500 шүршдэг будаг ашиглан өдрийн 12 цагийн турш хоёр сар хөдөлмөрлөж байж, Риогийн наадмын өмнөхөн дуусгасан түүний уран бүтээл Бразилийн Рио-де-Жанейро хотыг улам өнгө нэмжээ.
Өдгөө 40 настай Кобра өөрийн уран бүтээлийг энэхүү хотод туурвисандаа ихэд сэтгэл хангалуун байгаа бөгөөд энэ уран бүтээлээ олон жилийн турш санаандаа төсөөлж явсан тухайгаа ярьсан юм.
"Хүн бүхэн өөр хоорондоо холбоотой, бид бол нэгдмэл хүмүүс” гэж Кобра өгүүлжээ.
Ханын зураач Кобра 2016 оны Олимпийн постерийг бүтээсэн 13 уран бүтээлчийн нэг бөгөөд гол төлөв цагаан өнгийг ашиглан гурвалжин дүрс бүхий зоримог шийдэлтэй зураг зурдгаараа онцлог аж. Тэрбээр Лондон, Дубай, Нью Йорк зэрэг дэлхийн томоохон хотуудад өөрийн уран бүтээлийг туурвиж байсан чадварлаг нэгэн юм.
И.МӨНХЦЭНГЭЛ
Сэтгэгдэл