Бусдын толгой дээрээс халуун кофе асгаж буй бичлэг сошиалд цацагдаж, олны анхаарлыг татаад байна. Кофе асгасан бүсгүйг Б.Ариунзаяа гэдэг, өмгөөлөгч Г.Батбаярын охин, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тавдугаар курсийн оюутан гэх.
Хэрэг маргаан юунаас үүдэж гарсан нь тодорхойгүй байна. Ямартай ч маргалдсан охид өмнө нь бие биенээ таньдаггүй байсан гэх ба тухайн үеийн үл ойлголцлоос үүдэж нэгнийхээ толгой дээрээс кофе асгажээ.
Б.Ариунзаяа гэх бүсгүй тухайн газраас гарч, хохирогчийн найз залуугийн биед халдан, "Тэр цагдаа чинь намайг яаж ч чадахгүй, би 100 мянган төгрөг шидчихээд явна” гэж хэлснийг эх сурвалжууд ярьсан нь сошиалд бичлэгээр цацагджээ.
Халуун кофе цацсан эмэгтэй уг үйлдлээсээ болж цагдаад мэдүүлэг өгөхөөр очихдоо гар утсаараа бичлэг хийж, мэдүүлэг авсан цагдаатай ам зөрөлдөж буй бичлэг ч сошиалд цацагдсан.
Б.Ариунзаяа өөрөө Хууль зүйн сургуулийн тавдугаар дамжааны оюутан. Түүний аав олонд танил болсон өмгөөлөгч. Энгийн гэр бүлийг бодоход хууль дүрэмтэй ойр байдаг уг гэр бүлийн гишүүнээс ийм үйлдэл гарсан тул чамгүй олон хүн гайхаж байна.
Тэр тусмаа Хууль зүйн сургуулийн тавдугаар курсийн оюутан бусдын биед гэмтэл учруулсандаа гэмшсэн шинжгүй хэдэн мянган дагагчтай боллоо хэмээн баясан "бүжиглэж" байгаа нь бүр ч тохуурхалтай. Залуус, эцэг эхчүүд, үр хүүхэдтэй хүн бүхний сэтгэлийг 22 настай энэ бүсгүйн үйлдэл зовоож, үзэл бодлоо илэрхийлж, сошиалд байр сууриа хуваалцахад хүргэж байна. Тэд бүгд хариуцлага нэхэж байна. б.Ариунзаяагийн дээрэнгүй зан, үйлдлийн хохирогч болж байсан гэх хэд хэдэн хохирогч ч ил гарч ирлээ. Тэд бүгд баримт, тайлбараа олон нийтэд хуваалцаж байна.
Өнөөдрийн байдлаар гэхэд Б.Ариунзаяагийн үйлдлийг түүний сурдаг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд эсэргүүцэж, сургуулиас нь гаргах тухай асуудлыг хөндөж эхэлжээ.
Угтаа бол Б.Ариунзаяа гэх бүсгүй хууль шүүхийн процессоор шийтгэл амссан байлаа ч, хүний толгой дээр халуу кофе асгах нь буруу гэдгийг ойлгуулж, нийтээрээ бойкотлох ёстой байтал "Follow” дарж, даган баясаж байгаа нь ч өөрөө учир дутагдалтай.
Дуучин Ука ковидын хүнд үед наадам хийхийг дэмжиж байгаагаа илэрхийлсний төлөө 30 мянган дагагчаа алдаж байв. Харин хүний толгой дээр халуун кофе асгасан бүсгүйг эсрэгээрээ энэ удаа хэдэн мянгаараа дагажээ. Энэ нь өөрөө нийгэм ямар болсонд, бид өөрсдөө ямар нийгэм төрүүлж байгаад дор бүртээ дүгнэлт хийх сануулга ч байх.
Б.Ариунзаяа гэх бүсгүйн асуудал өндөр авснаас үүдэж түүний өмнө нь гаргаж байсан зохисгүй үйлдлүүдийн талаар янз бүрийн мэдээлэл цацагдаж байна.
Тухайлбал, Б.Ариунзаяа хүний хацар дээр тамхи унтрааж байсан гэх. Тухайн үед цагдаа нар өргөдлөө авахыг зөвлөж, аав нь "хэл амтай" гэж учирлаж байсан талаар фэйсбүүкийн сүлжээнд нэгэн иргэн сэтгэгдэл бичжээ. Мөн хоёр жилийн өмнө гадаа сууж байсан охидыг доромжилж, толгой руу нь цохисон гэж бас нэгэн иргэн бичжээ.
Сэтгэгдэл