"Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбоо"-ноос өнөөдөр (2022.03.07) "Эмэгтэйчүүдийн амьдралын чанар-2021" судалгааг танилцууллаа. Энэхүү судалгаагаар эмэгтэйчүүдийн аж амьдралыг харуулахын тулд 10 хэмжүүр, 10 сэдвийн хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн эмэгтэйчүүдээс санамсаргүй байдлаар авчээ.
Судалгаанаас онцлоход, Эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхэд, ээж аавтайгаа ихэнх цагийг өнгөрүүлдэг байхад эрчүүд эсрэгээрээ найз нөхөд, хамт олонтойгоо цагийг зарцуулдаг нь харагджээ.
Харин эмэгтэйчүүд 24 цагийн ердөө 33 минутыг л өөртөө зарцуулдаг гэж хариулсан байна. Тодруулбал 139 минутыг гэр бүлдээ, 90 минутыг үр хүүхдэдээ зарцуулдаг, бусад цагийг гэр бүлдээ зориулдаг гэжээ.
Судалгааны дүн мэдээг танилцуулах үеэр НАМЭХ-ны Нийслэл хариуцсан дэд ерөнхийлөгч Л.Амгалан "Эмэгтэйчүүд гэр бүлдээ, төрд ч санхүүгийн хараат байдаг. Тэдний санхүүгийн эрх чөлөө маш хязгаарлагдмал. Судалгаанд оролцсон гурван эмэгтэй тутмын нэг нь үндсэн цалингийн орлоготой, 10 эмэгтэй тутмын нэг нь үндсэн цалингийн хажуугаар хувиараа бизнес эрхэлж, өрхийн орлогоо бүрдүүлж байна. Энэ орлогынхоо 81.5 хувийг ихэвчлэн байрны түрээс, ипотекийн зээл, байр ашиглалтын зардал, хоол хүнсний хэрэгцээнд зарцуулж байна.
Судалгаанд оролцсон 5 эмэгтэй тутмын нэг нь ипотекийн зээлтэй. Зургаан эмэгтэй тутмын нэг нь түрээсийн байранд амьдарч байна" гэлээ.
СУДАЛГААНЫ ДҮН:
Аюулгүй байдал, нийгмийн баталгаа:
- 4 эмэгтэй тутмын 3 нь шөнө гадуур явахаас айдаг
- 5 эмэгтэй тутмын 1 нь гэмт хэргийн халдлагад өртөж байсан
- 5 эмэгтэй тутмын 1 нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан
- 4 эрэгтэй тутмын 1 нь санхүүгийн эрсдэлтэй тулгарч байсан
- 5 эмэгтэй тутмын 2 нь дээрэлхэл, доромжлолд өртөж байсан
- 7 эмэгтэй тутмын 2 нь эсрэг хүйстнийхээ дарамтад өртөж байсан
- 10 эмэгтэй тутмын 1 нь ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байсан
Эмэгтэйчүүдийн орлогын эх үүсвэрийн мэдээлэл:
- Эмэгтэйчүүдийн сарын дундаж орлого 775.5 мянган төгрөг, өрхийн орлогын 44 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг боловч санхүүгийн шийдвэрийг бие дааж гаргаж чаддаггүй,
- 3 эмэгтэй тутмын 1 нь үндсэн цалингийн орлоготой, 4 нь ямар нэгэн байдлаар бусдын дэмжлэгтэй,
- 10 эмэгтэй тутмын 1 нь үндсэн ажлаасаа гадна хувиараа бизнес эрхэлж, өрхийн орлогоо залгуулдаг,
- Судалгаанд оролцогсдын 18 хувь нь гэр бүлийн гишүүдээс санхүүгийн хувьд ямар нэгэн хамааралгүй, 18.9 хувь нь санхүүгийн шийдвэр бие даан гаргадаг, 29.8 хувь нь санхүүгийн хувьд гэр бүлийн гишүүдээс хамааралтай ч гэсэн хүссэн шийдвэрээ боломжийн хэмжээнд гаргаж чадаж байна,
- Судалгаанд оролцогсдын 33 хувь буюу 3 эмэгтэй тутмын 1 нь бусдаас хамааралтай, бие дааж шийдвэр гаргаж чаддаггүй,
- Мөн эмэгтэйчүүдийн өөрийн нэр дээр хадгаламж үүсгэсэн эсэх талаар тодруулахад 3 эмэгтэй тутмын 1 нь тодорхой хэмжээний хуримтлалтай, харин үлдсэн 67 хувь нь ямар ч хуримтлалгүй байна гэсэн дүн гарчээ.
Сэтгэгдэл