Газрын тосны үйлдвэрийн дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхэд үнийн өсөлт тулгамдсан асуудал болж байгааг уламжлав


Газрын тосны үйлдвэрийн дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхэд үнийн өсөлт тулгамдсан асуудал болж байгааг уламжлав

 

БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ерөнхий гүйцэтгэгч “Жэй Эм Си Прожектс Индиа” компанийн төлөөлөлтэй Шадар сайд С.Амарсайхан уулзаж төсөл хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцлоо.

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани төсөл хэрэгжүүлэх явцад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын хил дээр гацсан асуудлыг яаралтай шийдвэрлэж өгсөнд талархал илэрхийлээд, дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхэд үнийн өсөлт тулгамдсан асуудал болж байгаа учраас хоёр талаас нэгдсэн үнийн дүнд тохиролцох шаардлагатай байгааг уламжиллаа. Мөн хэдийгээр тээвэр ложистик, үнийн өсөлт зэрэг хоёр талаас шалтгаалахгүй хүчин зүйлс хүндрэл дагуулж байгаа ч цаг хугацаа алдалгүй төслийг гүйцэтгэж, дуусгах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Шадар сайд С.Амарсайхан “Дэлхий нийтийг хамарсан нөхцөл байдлаас шалтгаалан олон улсад тээврийн асуудал удаашралтай байгааг та бүхэн мэдэж байгаа. Мэдээж бид боломжит бүхий л аргаар ачаа тээврийн асуудалд анхаарч байна. Одоогийн байдлаар зөвхөн Замын-Үүд боомтоор бус Гашуунсухайтын боомтоор ачаа тээвэр оруулж эхлээд байна.

Монголын талаас шалтгаалах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд энэ сарын 12-ноос өдөрт 30 чингэлэг тээвэр, мөн үндсэн тээврээр өдөрт 200 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч эхэлсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн нүүрсний татан авалтыг өдөрт 300 тээврийн хэрэгсэл болгож нэмэгдүүлэхээр болсон” гэлээ.

Харин төслийн дараагийн шатны асуудлын тухайд санал нэг байгаагаа илэрхийлээд хамгийн боломжит хувилбараар гарц гаргалгааг шийдвэрлэж, ажлыг түргэн шуурхай эхлүүлж, төлөвлөсөн хугацаандаа дуусгах нь чухал гэдгийг онцлов.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.