Халдварт тахлын дараах хямрал, хойд хөршийн өдүүлсэн дайн, хятадын хаалттай хил зэргээс болж хөргөгч, ходоод, хэтэвч "хонхолзсон” хүндхэн хавар өнгөрч байна. Гэтэл "дайран дээр давс” гэгчээр УИХ-ын дарга Г.Занданшатар "Иргэд тансаг хэрэглээгээ хэмнэ” гэж лоозондсон нь хэмнэх нь зүйлгүй хоосорчихоод байгаа нийгмийн бухимдлыг төрүүлж, энэ бухимдал нь эцэстээ жагсаал болж даамжирсан.
Тэгвэл хоосон ард түмэндээ хэмнэхийг номлогч УИХ-ын дарга Г.Занданшатар өөрөө хэрхэн "хэмнэж” чаддагийг баримтаар дэлгэж байна.
Одоогоос таван сарын өмнө буюу өнгөрөгч 2021 оны арванхоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-д албан ёсны төрийн айлчлал хийсэн. Энэ айлчлалд УИХ-ын дарга Г.Занданшатартай хамт УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Г.Дамдинням, Б.Саранчимэг, Ч.Ундрам, С.Чинзориг, Ш.Адьшаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, УИХ-ын дарга Г.Занданшатарын ахлах зөвлөх, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан нар хамт явсан. Мэдээж, тэднээс гадна УИХ-ын Тамгын газрынхан, орлуулагч, гэрэл зурагчин тэргүүтэй хүмүүс дагалдсан. Тэд айлчлалын хүрээнд Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, дэд Ерөнхийлөгч Венкаяа Наиду нартай уулзсан бөгөөд буцаж ирэхдээ "Ганзага дүүрэн буцаж ирлээ” гэцгээж байв. Гэвч Энэтхэгээс буцаж ирэх үед нь "омикрон" халдварын ид дэгдэлт давхцаж, тэд тусгаарлагдах эсэх асуудлаар хэл ам гарч байсныг санаж буй биз ээ.
Тайлбар: Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төрийн түшээд
Тэгвэл энэ айлчлалын бүрэлдэхүүнд олноос нууцаар "онцгой” хэдэн хүн багтсан байжээ. Тодруулбал, татвар төлөгчдийн мөнгөөр төрийн айлчлалынхаа зардлыг хийж явсан дээрх төрийн түшээд эхнэрүүдээ дагуулаад явсан байх юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Занданшатарын Энэтхэгийн төрийн тэргүүнүүдтэй уулзсаныхаа дараа айлчлалын бүрэлдэхүүнд багтсан 23 хүнээ дагуулан Энэтхэгийн Бихар дахь буддын шашны Махабоди сүмд очиж, хагас өдөр саатжээ. Түүнийг сүмд нь морилсонд талархсан Махабоди сүмийнхэн бичлэг хийж, архивлажээ. Тухайн бичлэгээс үзвэл, УИХ-ын дарга Г.Занданшатарын гэргий Г.Отгонгэрэл, УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын эхнэр Ц.Уянга, УИХ-ын дарга Г.Занданшатарын ахлах зөвлөх, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцангийн эхнэр Д.Оюунцэцэг, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн эхнэр багтсан болох нь баттай харагдаж байна. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатарын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөх Б.Эрдэнэбаяр, УИХ-ын Тамгын газрын нэр бүхий албан тушаалтнуудын эхнэрүүд ч хамт явжээ. Төрийн айлчлалын далимаар УИХ-ын эрхэм гишүүдийн эхнэрүүд нь хамт явж, Энэтхэгийн буддын сүм хийдүүдээр орж, мөргөж залбираад иржээ гэсэн үг л дээ.
ТАЙЛБАР: УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР БА ТҮҮНИЙ ЭХНЭР Г.ОТГОНГЭРЭЛ
ТАЙЛБАР: УИХ-ЫН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМ БА ТҮҮНИЙ ЭХНЭР Ц.УЯНГА
ТАЙЛБАР: УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТ-ЭРДЭНЭ БА ТҮҮНИЙ ЭХНЭР
ТАЙЛБАР: УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН АХЛАХ ЗӨВЛӨХ, УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ЛҮНДААЖАНЦАН БА ТҮҮНИЙ ЭХНЭР Д.ОЮУНЦЭЦЭГ
УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Г.Дамдинням, Б.Саранчимэг, Ч.Ундрам, С.Чинзориг, Ш.Адьшаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, УИХ-ын дарга Г.Занданшатарын ахлах зөвлөх, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан нарын Энэтхэг Улсад хийсэн албан ёсны айлчлал нь төгсгөлдөө гэр бүлийн найзуудын "аялал” болсон нь энэхүү бичлэгээр ийнхүү батлагдаж байна. Чухамдаа, хоёр жил халдварт тахалд хөл хоригдож, араас нь хоёр хөршийн хавчилга, үнийн хөөрөгдөлд халаасаа "сэгсрүүлж”, эцэст нь хэмнэх ч зүйлгүй хоосорчихоод байгаа ард түмнээ "Дахиад хэмнэ” хэмээн тохуурдаг УИХ-ын дарга Г.Занданшатар өөрөө төрийн айлчлалаар халхавчилж, татвар төлөгчдийн мөнгөөр туйлж, эхнэрээ болон "ангийнхныхаа” эхнэрүүдийг зугаалуулсан нь энэ.
https://ergelt.mn/news/22/single/20155
Сэтгэгдэл