МАН-ын генсек Д.Амарбаясгалан ТА ой санамжаа сэргээнэ үү


МАН-ын генсек Д.Амарбаясгалан ТА ой санамжаа сэргээнэ үү

 

Хуулийн байгууллагаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д дахин хүргүүлэхээ мэдэгдэв. УИХ тэднийг нэг удаа хамгаалан үлдээсэн, хоёр дахь удаагаа хэрхэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.

 

Улсын Ерөнхий прокурор, АТГ-ын комиссар УИХ-ын гишүүдийн халдашгүй бүрэн эрх хуулийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж буйг тов тодорхой хэлсэн. Цаашлаад энэ халдашгүй байдал нь ял завших шалтгаан болж буйг ч мэдэгдсэн. Тэгэхээр УИХ хуулийн байгууллагад үнэн зөвийг тогтоох боломжийг олгох уу эсвэл элдэв хардлагатайгаар асуудлыг дахин дарах уу. Энэ асуулт олон нийт эрх баригчдад ямар оноо тавихад ихээхэн нөлөөлнө.

 

УИХ-ыг эрх баригч МАН-ынхан бүрдүүлж буй. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хэлснээр бол энэ намд хулгай, луйвар багтах зай үгүй болсон. Хөгжлийн банкны хулгай, луйварын хар жагсаалттай зэрэгцэн эрх баригч МАН намын дүрмийн өөрчлөлтөө батлуулж, олон нийтэд танилцуулсан.

 

 

Тэр үед МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Манай нам улс төрийн хариуцлага хүлээлгэдэг болохыг зорьж байна. Улстөрч илтэд ёсзүйн зөрчил гаргасан тохиолдолд улс төрийн хариуцлага хүлээдэг болно. Мөн гэмт хэрэгтэнд холбогдсон тохиолдолд намаас түдгэлзүүлнэ. Хууль хяналтын байгууллагад шалгагдаж, гэмт буруутай нь нотлогдвол намаас гаргана. Гараад буцаж орох боломжгүй, насан туршдаа улс төрийн үйл ажиллагааны эрх нь хаагдана. Манай намаас дахиад сумын ИТХ-д ч нэр дэвшүүлэхгүй” гэж тайзны голоос сүржин мэдэгдэж байв.

 

МАН-ын дүрэм, Д.Амарбаясгалангийн хэлсэн үг хэрэгждэг байсан бол өдийд Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдсон МАН-ынхан шалгуулж, нэрээ цэвэрлэх нь цэвэрлэж, ялаа эдлэх нь эдлэх байлаа. Тайлбар авч байгаа нэрээр цаг хожиж, асуудал намжихыг хүлээхийн оронд намын дүрмээ хэрэгжүүлэх алхам хийсэн бол МАН-д нэмэх оноо болох байв. Харамсалтай нь эрх баригч МАН-ын дүрэм ч, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн үг ч хий хоосон, хэнд ч хэрэггүй сүржигнэл аж.

 

Үүнийг МАН-ынхан бүрдүүлдэг УИХ өнгөрсөн долоо хоногт хангалттай баталж өглөө. Хэрэв эрх баригч намын дүрэм, удирдлагуудынх нь хэлсэн үг хэрэгждэг байсан бол УИХ прокурорын саналыг хүлээн авч, дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн, хуулийн байгууллагад ажлаа хийх боломжийг өгөх байлаа. Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нар үнэн зөвөө тогтоолгочихоод эргээд ирэхэд асуудал үгүй. Гэвч МАН үнэн төрхөө харуулж, хаацайлаад үлдээлээ.

 

МАН-ын генсек Д.Амарбаясгаланд "Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэг түвшинд ойлголцсон боломжийг өөрсдөдөө ашиглахгүй. Харин дийлдэхээ больсон олон зүйлийг цэгцэнд нь оруулахын төлөө ажиллаж, зогсохгүйгээр урагшилна. Улс төрийн эрх мэдэл төвлөрсөн цөөн хэсгийн эрх мэдлийг сарниулж, задлахын төлөө ажиллана” гэж хэлсэн үгийг нь дахин сануулъя. Улс төрийн хариуцлага хүлээлгэдэг улс төрийн хүчин болох зорилгыг чинь эргэн сануулж, ой санамжаа сэргээхийг хүсье.

 

Ерөнхийлөгчөөсөө эхлээд МАН-ын дарга хүртлээ амаа цууртал ярьдаг "Шударга ёс”-оо одоо харуулна уу! Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан энэ улсын, иргэдийн боломж бүрийг хулгайлагчдыг эрх мэдлээрээ халхалж, хамгаалсаар байвал ирэх өдрүүд чинь эрх баригч нэрээр үргэлжлэхгүй л болов уу.

 

Б.Хэрлэн

http://www.shuud.mn/a/540095

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.