30 саяын цалинтай хэн бэ


Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын ажлаа авснаас хойш дуугарсан ганц гайгүй үг нь төсвийн үргүй зардлыг багасгаж, дарга нарын тансаглалыг хасах байлаа. Тиймдээ ч төрийн өмчит компаниудын өндөр цалинтай дарга нарын сард авдаг олон арван сая төгрөгийг тодорхой хувиар буулгахаар шийдвэр гарчихаад байна. Сардаа 5-10 сая төгрөгийн цалинтай бол 30 хувь бууруулна. 10-30 сая бол 50, 30-аас дээш сая төгрөгийг сард халаасандаа хийдэг эрхэм дарга нарын цалинг 60 хувь бууруулахаар болсон.

Мөн эдгээр албан тушаалтны урамшууллыг олгохдоо  үр дүнгийн гэрээний биелэлттэй сайтар уях, байр орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг бусад их хэмжээний мөнгөн шагнал бүхий нэмэлт хангамж олгохыг зогсоолоо. Мөн энэ шийдвэртэй холбогдуулан  цалин, урамшуулал, гадаад дотоод томилолт, тавилга эд хогшил худалдан авах  зэрэг одоо зарцуулагдаагүй байгаа зардлуудыг улсын төсөвт татаж авахаар болов. Мөн цаашид төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн удирдлагын цалин, урамшууллыг ТУЗ-ийн төвшинд шинэчлэхийг үүрэг болголоо.  Маш сайн шийдвэр. Засгийн газар ард иргэдийн халаас руу биш сард хэдэн төгрөгийн цалин авдаг гэдгээ ч мэдэхгүй болтлоо баяжчихсан өндөр албан тушаалтнуудын орлогод "гар дүрэх” хэрэгтэй байсан юм, аль эрт. Үүнийг Ж.Эрдэнэбат сайд хийлээ. Сайн байна гэж магтъя.

Яг үнэндээ сардаа 30-аас дээш сая төгрөгийн цалинтай бол 60 хувиар бууруулна гэсэн мэдээлэл гарч ирэхэд монголчуудын 99 хувь нь ухаан алдаж унах дөхлөө. Энгийн нэг ажилтан юу ч идэж, уухгүй, өмсч зүүхгүй 5-8 жил зүтгэж байж олох мөнгийг нэг дарга нэртэй нөхөр сард авч байна гэдэг чинь юу гэсэн үг бэ. Ийм байж таарахгүй биз дээ. 60 хувь хасах ч багадана шүү дээ. 40 сая төгрөгийн цалинтай дарга байна гэж бодъё. 60 хувь хасаад ч цаана нь 16 сая төгрөг үлдэнэ. Төрийн албанд зүтгэж, өдөржин борви бохис хийлгүй зүтгэж байгаа ажилтан сардаа 700-800 мянган төгрөг авч чадахгүй байгаа шүү дээ. Тийм хүмүүсийн хоёр жилд үхэн хатан хөдөлмөрлөж байж олох мөнгийг цалингаа 60 хувь хасуулчихаад л авах нь байна шүү дээ. Ийм л байна. Юу хэлэх гээд байна вэ гэхээр, үүнээс ч илүү хувиар хасмаар л байгаа юм.

Яах вэ, энэ мэтээр цалин хассанаар жилдээ 3 тэрбумыг хэмнэх сураг байна билээ. 3-4 цэцэрлэг барьчих л мөнгө. Оргүй байснаас охинтой нь дээр гэдэг дээ.  Тэгээд ямар компанийн захирал, дарга нар нь тийм өндөр цалин авч байгааг бас зарлах хэрэгтэй. "Эрдэнэт”-ийнх юм уу, ИНЕГ-ын дарга уу, Төмөр замынхан уу. Яг хэн ингэж хахчихсан цалин авч байгааг иргэд мэдэх эрхтэй. Бидний татварын мөнгөөр цалинжиж байгаа биз дээ, тэд чинь.  

Нөгөө талаар үнэхээр хэмнэлт хийх гэж байгаа бол хагартлаа баяжчихсан, олон компанитай УИХ-ын гишүүд ч бас цалингаасаа татгалзчихмаар байгаа юм. Сангийн сайдад гэхэд цалин бол үнэндээ юу юм бэ, 00-ийн цаасны л мөнгө биз дээ. Иймэрхүү хүмүүс УИХ-аар дүүрэн байгаа. Гэтэл өөрсдийнхөө цалин руу бол чигчий хуруу ч дүрэхгүй үлдэж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.