Хэлний боолчлол


Хэлний боолчлол

 

Даяарчлалын эрин үед олон улсын тэр дундаа англи хэлний мэдлэггүйгээр сурч боловсрох цаашлаад бизнес эрхэлж амжилтад хүрэх боломж хомс. Гэтэл нөгөө талд улс үндэстнүүдийн түүх, соёлын илэрхийлэл, оршин тогтнох үндэс болсон эх хэл аажмаар мөхөн бүдгэрч буй.

Хүн төрөлхтөн нийт 7000 гаруй хэл соёлтой гэж үздэг ч дэлхийн 7 тэрбум хүний бараг тал хувь нь хамгийн түгээмэл ашиглагддаг наймхан хэлээр ярьдаг ажээ. Жижиг улсууд их гүрний соёлын нөлөөнөөс болж өөрсдийн хэл соёлоо алддаг байсан бол сүүлийн 100 жилд цөөнх ястан гэхээсээ илүүтэй үндэстнүүдийн хэл аялга аажмаар уусаж мартагдаж байгаа нь анхаарал татах болжээ. Ийм улсуудын нэг нь Энэтхэг билээ. Зуун шахам жил Британий колон байсан энэ улсын хүн амын 30 хувь нь англи хэлээр ярьдаг ч харь хэл соёл Энэтхэгийн нийгэм дэх анги давхаргын ялгааг улам бүр тодосгож өгсөн юм.

Шинэ кастын тогтолцоо

Та төрөлх эх орондоо эмийн сангийн жор, хоолны цэс, тэр байтугай замын анхааруулах тэмдгийг уншиж чадахгүй нөхцөлд амьдарч байна гэж төсөөлөөд үз дээ. Жолооны үнэмлэх, татварын мэдүүлэг эсвэл гэрлэлтийн баталгаа чинь хүртэл харь хэл дээр.

Хинди болон англи хэлийг төрийн албан ёсны хэлэнд тооцдог ч 1.4 тэрбум хүн амынх нь 47 хувь л хинди хэлээр ойлголцож чадна.

Энэтхэгийн уугуул хэл

Хинди 422 сая

Бенгал 83 сая

Тэлугу 75 сая

Марати 71 сая

Тамил 60 сая

Урду 51 сая

Гужарати 46 сая

Пунжаби 29 сая

Харин Энэтхэгийн элит болон дунд давхаргынхан хүүхдээ англи хэлний хөтөлбөртэй хувийн сургуульд сургадаг бол ядуучууд улсын сургуульд эх хэлээрээ суралцдаг. Хамгийн гачлантай нь эрх баригч элит давхаргын бодлогоор их дээд сургуульд элсэх, төрийн алба хашихад англи хэлийг чөлөөтэй эзэмшсэн байхыг шаардана. Шинэ кастын систем үүсгэсэн англи хэлний боловсрол дундаж давхаргад ч харилцан адилгүй. Ерөнхийдөө хүн амын 30 хувь янз бүрийн түвшинд англиар ярьдаг ч гуравны нэг нь л уншиж, бичиж чаддаг аж. Томоохон хотуудад таксины жолооч, үйлчлэгч эсвэл дэлгүүрийн ажилтан англиар ойр зуурын үг мэдэх ч бүрэн ойлголцох, унших, бичих чадвар муу байхад хөдөөх тосгонд байдал улам бүр дор байх нь тодорхой. Энэтхэгийн нийгмийг шинэ кастад хуваасан хэлний бэрхшээлээс болж сүүлийн жилүүдэд инженерийн болон анагаахын коллежийн оюутнууд амиа хорлох явдал ч олонтаа давтагдах болжээ. Энэ мэтчилэн харь хэлний боолчлолд өртсөн 770-900 сая хүн төрийн байгууллага, шүүх, улстөрчдөд хандах ямар ч эрхгүй хохирч буй.

Англи хэл яагаад элитүүдийн хэл болов

1600 онд Хатан хаан Элизабет Калькутта, Мумбай, Мадрас, Сурат зэрэг хотуудад "Зүүн Энэтхэгийн компани” нэртэй худалдааны боомтуудыг байгуулжээ. Энэ үеэс олон нийтийн англи хэлний сургалт эхэлсэн бөгөөд 1850-иад онд их дээд сургуулиудын сургалтын хэл болжээ. Өнөөдөр англи хэл Энэтхэгийн шүүх тогтолцооны албан ёсны цорын ганц хэл бол төрийн албан ажлыг хиндигээс гадна заавал англи хэлээр хөтөлнө. Чухам яагаад англи хэл Энэтхэгийн элит давхарга хийгээд засаглалын хэмжүүр болж хувирсан, тэр ч байтугай анхдагч хэл соёлоо хойш тавихад хүргэсэнд асар олон шалтгаан бий. Юуны түрүүнд Британий колоноос ангижирсан энэтхэгчүүд үндэстнийхээ хөгжил цэцэглэлтийг зөвхөн англи хэлийг нутагшуулахаас шалтгаална гэдэгт итгэдэг байсан юм. Энэ нь ч талаар болоогүй. 1947 онд тусгаар тогтносны дараа эдийн засаг, цэргийн хүчин маш ахицтайгаар хөгжиж өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийд зургаад жагсаж байна. Үүнд үндэстэн дамнасан корпорациудад ажилладаг, англи хэлний мэдлэгтэй дундаж давхаргынхны үүрэг оролцоо асар их. Удаах шалтгаан нь Энэтхэг тусгаар тогтнолоо олж авсны дараа хиндийг албан ёсны хэл гэж зарлахыг оролдсон боловч хинди хэлээр ярьдаггүй мужуудаас эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Тиймээс англи хэлийг харилцан буулт хийх хэлээр сонгосон юм. Тэгэхээр хинди хэлээр ярьдаггүй Энэтхэгийн муж хооронд харилцах цорын ганц арга зам нь англи хэл болжээ. Дээр дурдсанчлан, энэтхэгчүүдийн англи хэлний мэдлэг хангалтгүй байгаа нь бүс нутагт боловсролын тогтолцоо харилцан адилгүйтэй холбоотой. Олон муж энэ шаардлагад нийцүүлэхийн тулд бүх нийтээр сургах зорилго тавьсан ч англи хэлний багшийн дутагдалд ороод удаж байна.

Эсрэг тэсрэг байр суурь

Хүн төрөлхтний бүхий л хөгжил боловсролоос эхтэй. Боловсрол нь мэдээж хэл ярианаас үүдэлтэй. Харилцааны хэрэгслээс илүү өргөн агуулгаар нь авч үзвэл хэл яриагаар дамжуулж хүний үзэл санаа, эрхэмлэдэг үнэт зүйлс, хувийн сонирхол, ажил мэргэжлийн боломжийг тодорхойлж болно. Англи хэлийг дээдлэх үзлийн улмаас Энэтхэгийн эртний түүхт соёл иргэншил алсарч, уламжлал мартагдаж байгааг шүүмжлэх хүн олон. Тэгвэл нөгөө талд эх хэлээ дээдлэгчдээс болоод боловсролын тогтолцоо урагшлахгүй байгаа гэж үзэх хэсэг ч бий. Тэдний өгүүлснээр англи хэл бол мэдлэгийн эдийн засагт зориулсан хэл.

Хэлний боолчлол

Зохиолч, сэтгүүлч Шивам Виж

Хятад, Япон, Герман, Франц, Итали зэрэг төрөлх хэлээрээ хөгжиж, дэлхийн бодлого тодорхойлж буй улс орнууд бий. Гэхдээ эдгээр улсууд англи хэл сургах, орчуулахад үлэмж хэмжээний мөнгө зарцуулдаг. Тэгвэл Энэтхэг өөрийн давуу талыг ашиглаж яагаад болохгүй гэж...

Хэрэв Энэтхэгт англи хэлний сургалттай дунд сургуульгүй байсан бол мэдээллийн технологийн үйлчилгээний аутсорсинг үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэхгүй байсан биз. Англи хэл нь интернэтийн хамт ажлын байр, гарааны бизнес, дэлхийн боловсрол, хөгжил цэцэглэлт, бүс нутгийн болон дэлхийн ялгааг арилгахад хамгийн тохиромжтой хослол гэж тэд үздэг. Тиймээс Үндэсний боловсролын шинэ бодлого (NEP) тунхаглаж, англи хэлний боловсролыг анхан шатнаас нь олгохыг шаардаж буй.

Технологийн үр шим

Мэдээллийн технологийн салбарт гялалзсан амжилт үзүүлж буй энэтхэг инженерүүд харин асуудалд өөр гарц гаргалгаа эрэлхийлж байна. Тэд Google, Facebook, Microsoft, Samsung зэрэг технологийн аваргуудтай хамтран олон хэл аялгыг хөрвүүлэх программ хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ. Тухайлбал Google компани Андхра Прадеш мужтай хамтран тэлугу хэлнээс орчуулах үйлдлийн систем танилцуулсан. Цаашлаад Энэтхэгийн олон хэл аялгыг хооронд нь саад хөрвүүлж улс үндэстний хуваагдлыг технологийн хүчээр арилгах зорилго биеллээ олоход тун ойрхон иржээ.

http://eagle.mn/r/102578

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.