Койн эрсдэлтэй гэдгийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос удаа дараа анхааруулсаар байсан ч хялбар аргаар мөнгө олон хүсэлдээ хөтлөгдөн хошуурсаар л байлаа. Улмаар УИХ-аас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг өнгөрсөн арванхоёрдугаар сард баталсан. Гэвч энэ нь өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн үйлдэл байв. Койн гаргагчид УИХ-ыг хуулиа батлан хэрэгжүүлэхээс өмнө хийдгээ хийж, хураадгаа хураасан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль ч ёс төдий хууль. Койн гаргагчид ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгохгүй зөвхөн бүртгэнэ. Мөн эрсдэл үүссэн тохиолдол төрөөс хохирлыг нь барагдуулахгүй байх заалттай. Тэгэхээр одоо хохироод байгаа хүмүүст ямар ч найдлага байхгүй гэж хэлж болно. Саяхан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр энэ асуудал хөндөгдсөн юм.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -2021 онд "Covid19" өвчин их хүчтэй дэлгэрсэн. Үүнтэй зэрэгцээд санхүүгийн зах зээл дээр ковид буюу койны солирол бий болсон. Хоёр их наяд төгрөгөө тавиад туусан гэх мэдээлэл бий. Зарим эх сурвалжийн ярьж байгаагаар бол бүр 6-7 их наяд төгрөг гэж байна. Энэ хэр зэрэг бодитой мэдээлэл вэ. 59 койн гарсан гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдсэн. Койн авсан хүмүүсийн ихэнх нь алдаад цөөхөн хэд нь хожсон. УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилт ямар байгаа вэ?
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан: -Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч этгээдүүдийг бүртгэх үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн зургаадугаар сарын 26-наас эхлүүлсэн. Одоогийн байдлаар дөрвөн хуулийн этгээд бүртгүүлэхээр материалаа ирүүлсэн. Бүртгэлийн ажиллагааг ирэх есдүгээр сарын 26 хүртэл үргэлжлүүлэхээр хуульд заасан. Албан бус мэдээллээр виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид 950 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт татсан гэсэн төсөөлөлтэй байгаа.
Үүнээс үзвэл койн гаргасан аж ахуйн нэгжүүд нэгэнт зорилгоо биелүүлсэн учраас заавал Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа бололтой. 59 койн гарсан боловч одоогийн байдлаар зөвхөн дөрөв нь л тус хороонд материалаа хүргүүлж, бүртгүүлэх хүсэлт гаргажээ.
eagle.mn
Сэтгэгдэл