Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ТЦА-ны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга Б.Батболд "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн автомашины зогсоолын асуудал хэцүү байна. Өмнө нь зогсоолын тоо 3500 байсан бол өнөөдрийн байдлаар 1300 орчим болсон. "Г" зөвшөөрөл нь Дүнжингарав худалдааны төвд, Мишээл Экспо төвийн зогсоолд болон Вокзалын баруун талд байдаг 1000 автомашины зогсоолд байршуулаад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж, наадамчин олныг татан авах боломжтой байдлаар зохицуулалт хийхээр төлөвлөж байна.
Соёолонгийн уралдаантай өдөр нэг чигийн хөдөлгөөнд урсгалыг татах байдлаар зохион байгуулалтыг хийх шаардлагатай байдаг. Учир нь хөдөлгөөний эрчим маш их нэмэгддэг учир ийм зохицуулалт хийдэг.
Энэ жилийн баяр наадам онцлогтой болж байгаа учраас орон нутаг руу чиглэсэн иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах, бэлтгэл ажлыг хийж байна. Авто замын хязгаарлалт зохицуулалтыг хийх юм." гэв.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын хэлтсийн дарга хурандаа Т.Лхагвадорж "Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Үндэсний баяр наадмын хөтөлбөрийн дагуу энэ сарын 7-13-ныг дуустал цагдаагийн байгууллага нийтийг хамарсан соёл урлагийн арга хэмжээ, хурдан морины уралдааны үеэр цагдаагийн алба хаагчид хамгаалалтад гарна. Эдгээр өдөр 3600 орчим алба хаагч хамгаалалт зохицуулалтад бүрэн ажиллана. Хэв журам хамгааллын чиглэлээр явган эргүүл, завьт, морьтой, машинтай эргүүлүүд ажиллана" гэв.
Сэтгэгдэл