Бусдад өр зээл тавьж байгаад шинэ дээл хийлгэж өмсөөд нутгийнхаа ойд очиж байгаа нэгэн, хятад будгаар ганцхан өнгөлүүлээд түүнийг "тосох" хуучны хэдэн байшин, барилгад огтын ялгаа алга байгаад л эмзэглэл төрсөн хэрэг.
Өрхийн эдийн засаг элгээрээ "хэвтэж", өр зээл, хүүхдийн сургалтын төлбөр, амьдралын хэрэглээгээ авч дийлэхгүй зутруухан амьдардаг хэд маань баяр наадам, сум, аймгийнх нь ой болохоор бүр хэцүүдэцгээх юм. "Хөгшин ээж, аавын минь нэр гарна", "Ажиллаад л байж хоосон очилтой биш" гээд л наашаа гэсэн болгоноос өр зээл тавьж аваад хөдөөг зорих юм. Зарим нь өөрөө машинтай атлаа нутаг явахдаа нэрээ бодож байгаа нь энэ гээд "Ланд 200,300” хөлсөлж, түрээсэлж хөлөглөнө. Угтаа бид төрсөн нутагтаа санасан сэтгэлээ дэвтээж, бүтэн жилийн ядаргаа хуйгаа тайлан амарч, ахмад настнуудынхаа мэндийг мэдэхээр зорьдог. Гэтэл түүний өмнөх зорилго нь үнэтэй машин хөлөглөн шороо манарган сүртэй гэгч нь очих болоод цөөнгүй жил болж байна. Сүүлийн үеийн загварлаг дээл, хувцсаар өөрийгөө болон үр хүүхдээ шаазан ваар аятай гоёх болж. Үнэтэй бүхнээр тордохгүй бол хүн муу хэлнэ, муу муухай болчихно гэж хэн нь тэдэнд шивнэчихсэн юм бүү мэд. Баяны дүрд тоглохын тулд "Ланд-200” машиныг өдрийн 250-350 мянган төгрөгөөр дор хаяж арав хоног түрээслэнэ. Хамгийн хямд түрээсийн машин "Приус 20,30” өдрийн 65-120 мянган төгрөгийн үнэтэй байна.
Үнэхээр бэл бэнчинтэй хэд нь асуудалгүй яваад л ирнэ. Харин "Хүнээс дутахгүй юм сан" гэх хэсэг бүлэг хүмүүст ганц удаагийн наадамд гоёх гэж тавьсан өр зээл нь зовлон болж, бараг ирэх жилийн наадам хүртэл чардайтлаа ажиллаж байж өр зээлнээс гарах дээрээ тулж байгаа нь нууц биш юм.
БУДГААР ДАЛДАЛСАН ХӨГЖЛИЙН ХОЦРОГДОЛ
Ард иргэд нь байдгаа бариад очиход өнөөх 100 жилийн ойгоо тэмдэглэж буй сум нь анх байгуулагдсан тэр л янзаараа нурах шахсан хуучин сууринуудаа будгаар өнгөцхөн засчихсан угтана. 100 жил өнгөрөхөд хөгжих гэхээс илүүтэй улам доройтсон нь олон. Сум, орон нутаг нь хөгжихгүй болохоор залуус хот бараадаж, буцаж ирэхдээ ийн хий чамирхана. Хөгжил үгүй сумынхаа ойд хөөрцөглөн очсон иргэд маань гоё ганган дээлтэй зургаа даруулж, цахим орчинд зогсоо зайгүй нийтэлнэ.
Тэдний нэг жишээ болох Увс аймгийн Хяргас сум энэ сарын 21-ний өдөр түүхт зуун жилийн ойгоо тэмдэглэж, УИХ-ын гишүүд, олны танил эрхмүүд цуглаж, өргөн дэлгэр наадлаа. Өнгөрсөн 100 жилд тус сумаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Дархан аварга тэргүүтэй томчууд олноороо төрөн гарчээ. Салбар бүрд ийм төлөөлөлтэй сум Монголд ховор. Гэтэл сумынх нь түүхт 100 жилийн ойн баяр наадам онцгойрох зүйлгүй, хөгжил нь ч дээрдсэн юм үгүй харагдсан.
Тус сум 1989 онд ашиглалтад орсон 320 хүүхдийн хүчин чадалтай сургуультай ч одоогоор 633 хүүхэд суралцаж байна. Сумын эмнэлэг нь хоёр их эмч, 15 эмнэлгийн тусгай мэргэжилтэн, зургаан бага эмч, бусад есөн ажилтны бүрэлдэхүүнтэй. Харин цэцэрлэг нь тоосгон хийцтэй инженерийн төвлөрсөн холболттой боловч 1995 оноос ажиллахгүй болж өдгөө нам даралтын зуухаар халдаг аж. Одоогоор тус цэцэрлэг 90 хүүхдийн хүчин чадалтай ч 120 гаруй хүүхэд хүмүүжиж байна. 3000 гаруй иргэн тогтмол оршин суудаг 100 жилийн түүхт сум гэхэд ийм дүр зурагтай ойгоо угтаж байгаа нь харамсалтай биш гэж үү. Гэсэн ч дээр хэлсэнчлэн нутгийн түмэн нь яаж ийж байгаад гоёж, гоодоод тал талаас цуглан баахан зураг авахуулж, төрөөс өндөр үнээр өмнөд хөршид захиалж авчирдаг элдэв шагнал, тэмдэгнүүдийг хэдэн биедээ зүүж өгөөд тарцгаах шиг боллоо.
Энэ гэхдээ миний хэлэх гэсэн гол асуудал биш. Хамгийн чухал нь зуун жил болсон ч хөгжөөгүй сум, аймагтаа хуруу хумсаа хуйхлан байж хөдөлмөрлөөд ч цалин, хөлс нь амьдрал, амжиргаанд нь үл хүрэлцдэг ард түмэн хоёрын байгаа царай яг ижилхэн юм уу даа гэх бодол л юм даа. Бусдад өр зээл тавьж байгаад шинэ дээл хийлгэж өмсөөд нутгийнхаа ойд очиж байгаа нэгэн, хятад будгаар ганцхан өнгөлүүлээд ирэгсдийг "тосох" хуучны хэдэн байшин, барилгад огтын ялгаа алга байгаад л эмзэглэл төрсөн хэрэг.
https://ergelt.mn/news/173/single/23445
Сэтгэгдэл