БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад энэ сард айлчилна


БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад энэ сард айлчилна

 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад энэ сард айлчилна. Манай улсын гадаад харилцаа, худалдааны гол түнш, стратегийн чухал харилцагч орны хувьд энэ удаагийн айлчлал өндөр ач холбогдолтойг эдийн засагчид болон судлаачид хэлж байна. Эдийн засаг, нийгмийн томоохон төслүүдэд хамтарч ажиллах чухал яриа хэлэлцээр хүлээгдэж буйг онцолж байна. Айлчлалаар хоёр орны эдийн засаг, худалдааны болон хил, боомтын асуудал, томоохон төслүүд, түүнчлэн БНХАУ, ОХУ-тай яригдаж буй гурван талын Эдийн засгийн коридор, эдийн засгийн төслийн асуудлыг хөндөж, мэдэж бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцана гэдийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн 7 хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр танилцуулсан юм.

Олон улсын судлаач, профессор Ж.Баясах, "БНХАУ-ын дарга Ши Жиньпин анх Монгол Улсад төрийн айлчлал хийснээс хойш хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлж байна. Түүнээс хойш Монгол, Хятад, Орос гурван орон "Эдийн засгийн коридор” байгуулахын төлөө хамтран зүтгэж, энэ ажилд ахиц дэвшил гарсаар буй”-г онцлон дурдаж байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалаар эрчим хүч, хилийн боомтын асуудлыг хэлэлцэх хүлээлэлттэй байна.

Айлчлалын үеэр Эрдэнэбүрэнгийн УЦС болон Багануурын ДЦС-ын бүтээн байгуулалтын талаар эцэслэн ярилцаж, хилийн боомтуудтой холбоотой асуудал хүлээгдэж буйг "Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал, эдин засагч Б.Дөлгөөн тодотгож байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын ажлыг энэ намар эхлүүлснээр 5 жилийн дараа бүрэн ашиглалтад оруулах талаар Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгаад байгаа юм.

Баруун бүсийг эрчим хүчээр хангах стратегийн чухал төслийн санхүүжилтийг айлчлалын үеэр шийдвэрлэнэ гэсэн хүлээлэлттэй байна. Мөн Гашуунсухайт, Ганц мод, Шивээхүрэн, Сэхээ, Бичигт,Зүүнхатавч зэрэг боомтын төмөр замыг холбох ажлыг шуурхайлах зэрэг эдийн засагт нэн түрүүнд шаардлагатай, хүлээлэлттэй байгаа асуудлыг хөрш оронтой хэлэлцэх хүлээлэлттэй байна.

Энэ талаар "Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал, эдин засагч Б.Дөлгөөн хэлэхдээ, хилийн боомтуудаас гадна дээр дурдсан УЦС, ДЦС-ын бүтээн байгуулалтад БНХАУ-тай хамтран оролцох, хөрөнгө оруулах чиглэлтэй байгааг тодотгож байна. Энэ талын яриа хэлцэл урагшлавал бүтээн байгуулалтын ажил хурдасна хэмээн хэлж байна.

Урт хугацаанд урд хөрш рүү гарах хилийн боомтуудыг нээж нэмснээр, бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт болон эрэлт нэмэгдэж, улмаар эдийн засаг тэлж, гадаад валютын нөөц бүрэлдэх боломжтойг шинжээчид онцолж байна.

Дэд бүтцийн асуудлаа шийдэх замаар, нөгөө талаар харилцан бие биедээ ашигтай худалдааг илүү дэлгэрүүлэх талаас нь ярилцаж, ойлголцолд хүрэх тусам манай улсад орж ирэх валютын урсгал нэмэгдэж, ингэснээр валютын хуримтлал бий болж, ирэх онд төлөх гадаад, дотоодын өрийг барагдуулах боломж бүрдэнэ хэмээн дүгнэж байна.

Айлчлалаар тээвэр-логистикийн асуудлыг ярилцан шийдэж чадвал өнөөдрийг хүртэл тулгараад буй тээврийн зардал буурах боломжтой. Энэ нь өнөөдрийн импортын өндөр зардал, инфляцийн дарамтад ороод буй энэ цаг үед чухал нөхцөл болно гэж шинжээч судлаач нар үзэж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.