Шинэ ногооны үнэр хаа нэгтээ дэлгүүрийн лангуунаас ханхийж, гүйцэд боловсорсон шинэхэн жимс нүд булаах нь намрын эхэн сар аль хэдийнэ гарсныг илтгэх шиг. Байгаль дэлхийн шинэ бүхэнтэй зэрэгцээд хүүхэд багачууд ч шинэ бүхэнтэй танилцан хорвоогийн утга учрыг танин мэдэж, нийгмийн харилцаанд орж, бие хүн болон төлөвшихөд бэлдээд их хотын амьдрал тун завгүй үргэлжилж байна.
Тэр дундаа цэцэрлэгийн багачуудын бие хүн болон төлөвших, сургуулийн өмнөх боловсролыг улсын цэцэрлэгт үнэ төлбөргүй эзэмшиж чадах эсэх нь энэ тавхан хоногт шийдэгдлээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын өгсөн албан даалгаврын дагуу энэ сарын 22-ны 08:00 цагт цэцэрлэгийн бүртгэл албан ёсоор эхлээд буй. Цэцэрлэгийн бүртгэл эхлээд гурав хонож байгаа ч эцэг, эхчүүд өдөр шөнөгүй дугаарлаж, бүр зарим цэцэрлэгийн орчимд эмх замбараагүй байдал үүсэхэд хүрчээ. Тиймээс манай сурвалжлах хэсэг хоёр өдрийн турш цэцэрлэгийн бүртгэл хэрхэн явагдаж байгаа талаар сурвалжиллаа.
Арга ядсан эцэг, эхчүүд өөрсөддөө дугаар тараажээ
"Одоо хэд дэх хүн нь орж байна вэ”, "Хоёр настай хүүхдийн бүртгэл юу болж байна”, "Дэс дарааллаараа орно шүү”, "Юун хүн орох гээд байна. Бид дөрөв, тав хоног ирж, дугаарласан” гэх уур бухимдалтай, нэг нэгнээсээ өрсөж орох гэсэн эцэг, эхчүүдийн тулаан аль хэдийнэ эхэлжээ. Энэ нь цэцэрлэгийн бүртгэл эхэлснийг гэрчлэх аж. Бидний очсон эхний цэцэрлэг бол Сүхбаатар дүүргийн 234 дүгээр цэцэрлэг.
Тус цэцэрлэгийг тойруулан цэнхэр хашаа татсан байх бөгөөд хаалганы урд хэсэгт хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэсэн эцэг, эхчүүд "шавжээ”. Ар талд зогсож байгаа хүмүүст урд чухам юу болж, ямар зохион байгуулалттайгаар бүртгэл явагдаж байгаа нь бараг мэдэгдэхгүй шахам учраас эцэг, эхчүүд бие биеэсээ ам асуун, дам сураг сонсож байв. Цэнхэр хашааны хаалгыг таглан 40 гаруй насны хоёр эрэгтэй зогсож харагдав. Тэд эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, урт дараалал үүсгэсэн хүмүүсийг тав, таваар нь оруулах чухал үүрэг хүлээсэн "жагсаалын дарга нар”.
Цэцэрлэгийн бүртгэл эхлэхээс хэд хоногийн өмнө өөрийн хүүхдийн хүмүүжих цэцэрлэгт өдөр бүр ирсээр зарим эцэг, эх нэг нэгийгээ андахаа больж, нэгдсэн зохион байгуулалтад орохоор ярьж тохиролцон өөрөө өөрсөддөө хүртэл дугаар тараажээ. Авсан дугаарынхаа дагуу хүүхдээ бүртгүүлчихээд гарч ирж буй Б.Нансал гэх эмэгтэйтэй бид таарав. Тэрбээр "Би өнгөрсөн долоо хоногийн дөрөв дэх өдрөөс хойш хүүхдийнхээ бүртгэлийн асуудлыг хөөцөлдсөн.
Учир нь жил бүр мэдээгээр цэцэрлэгийн бүртгэлийн тухай гардаг. Маш эмх замбараагүй харагддаг л даа. Энэ талаархи мэдээллийг өмнө нь хангалттай авсан учраас эртнээс цэцэрлэг дээр нь ирсэн юм. Тэр нь ч оносон. Намайг ирэх үед нэлээд хэдэн эцэг, эхчүүд байсан. Би өдөр бүр ирсэн. Тэгсний үр дүнд тараасан дугаарыг авч чадсан. Би 33 дугаартай. Сая орчихоод гарч ирлээ. Хүүхдээ ямар ч байсан бүртгүүлчихлээ. Олон хоног явсаны хэрэг бүтлээ. Хэрвээ манай хүү цэцэрлэгт орохгүй бол харах хүн байхгүй. Бид бүгд ажилтай. Хувийн цэцэрлэгт явуулъя гэхээр мөнгө, санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг. Ямар ч байсан хүүхдээ цэцэрлэгтэй болгочихлоо. Нэгдсэн зохион байгуулалтад орсон нь зөв гэж бодож байна.
Энд байгаа хүн бүр л хүүхдээ цэцэрлэгт оруулъя гэсэн нэг зорилготой, нэг зовлонтой. Тиймээс бид энэ асуудлаа өөрсдөө л шийдэхгүй бол хэн шийдэх вэ дээ. Нэгэнт төрөөс өгч байгаа тоо нь энэ юм чинь” хэмээн учирласан юм. Сүхбаатар дүүргийн 234 дүгээр цэцэрлэгийн байр хашаанаасаа 20 метр орчим зайтай юм. 20 метрийн цаана цэцэрлэгийн гадна талд тав, зургаан эцэг, эх зогсч харагдав. Манай сурвалжлах хэсэг ч ирсэн учраа хэлж, цэцэрлэг рүү орох гэсэн боловч дараалалд зогсох хүмүүс урдуур дайрах нь хэмээн бухимдах нь тэр. Арга ч үгүй биз. Авах хүүхдийн тоо хязгаартай, орохыг хүссэн хүүхдийн тоо их шүү дээ.
Учир явдлаа нэлээд тайлбарласны эцэст эцэг, эхчүүд сая нэг юм ойлгож, орох зөвшөөрөл олгов. Арайхийн өнөөх цэнхэр хаалгаар орж, цэцэрлэг рүү дөхөж очвол гадна нь зогсоо эцэг, эхчүүд "Орох болоогүй ээ. Дугаар чинь болсон юм уу” хэмээн сандарсан аятай угтлаа. Тэд эцэг, эхийн төлөөлөл буюу нэгдсэн зохион байгуулалтын удирдагчид. Тэдний дунд эцэг, эхийн зөвлөлийн дарга Б.Нарангэрэл гэх 40 орчим насны эмэгтэй байсан учраас түүнтэй цөөн хором ярилцлаа.
Б.Нарангэрэл: 19-нөөс хойш таван хүн гурван цагийн зайтай жижүүрт гарсан
-Эцэг, эхчүүд нэгдсэн зохион байгуулалтад орж дугаар тараасан гэлээ. Хэдэн цагт тараасан бэ?
-Цэцэрлэгийн бүртгэл жил бүр ачаалалтай болдог. Тиймээс бид ачааллыг бууруулах, бүртгэлийн үйл ажиллагааг эмх, цэгцтэй зохион байгуулахын тулд нэгдсэн зохион байгуулалтад орсон. Өглөөний 06:00 цагт дугаар тараасан. 10:00 цагийн байдлаар 45 дахь хүн бүртгүүлсэн байна.
-Нийт хэчнээн дугаар тараасан бэ?
- 120 дугаар тараасан. Дугаар бүр дээр хүүхдийнх нь нэрийг бичсэн байгаа.
-Дугаар тараахыг бүх эцэг, эх дэмжсэн үү. Өнөөдөр өглөө ирсэн хүмүүс байгаа байх. Тэр хүмүүс яах вэ?
-Бид эцэг, эхийн зөвлөл гэж байгуулсан. Үүний дараа ярилцаж байгаад тав таваараа жижүүрт гарахаар болсон юм. Тэгээд өдөр бүр ирж, гурав гурван цагийн зайтай ирцээ бүртгэхээр шийдсэн. Бүртгэл хийхдээ тодорхой зохион байгуулалт хийсэн. Тухайлбал, хэрвээ тухайн хүүхдийн ээж, аав гурван удаа цэцэрлэг дээр ирэхгүй тасалбал өөр цэцэрлэг хайсан байна гэж үзээд бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авсан. Гадаа зогсч байгаа дугаар авсан хүмүүс өдөр бүр ирж, ирцээ бүртгүүлсэн юм. Одоо ирж байгаа хүмүүсийг мэдэхгүй. Гэхдээ бид жил бүр орон даяар хүүхдийн цэцэрлэгийн асуудал хүнд хэцүү байгааг хэвлэл мэдээллээр дамжуулан авдаг. Фэйсбүүкээр ч гэсэн авч байгаа шүү дээ. Нэгдсэн зохион байгуулалтыг эцэг, эхчүүд өөрсдийн хүсэлтээр хийсэн. Ээж, аав нар өөрсдөө зохион байгуулж байгаа учраас ямар нэгэн асуудал байхгүй гэж бодож байна. Гэхдээ өөрсдөө олон өдөр ирэхгүй тасалчихаад дугаар аваагүй хүмүүс гадаа байна лээ.
...Бид ийн ярилцсаны дараа цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзсан юм. Биднийг тус цэцэрлэгт орох үед бүртгэлийн үйл ажиллагаа ид өрнөж байсан бөгөөд нэг цагдаагийн ажилтан, хоёр багш болон эцэг, эхийн төлөөлөл бүртгэлийн ажилд хяналт тавьж байлаа. Цэцэрлэгийн эрхлэгч Ц.Дариймаагаас бүртгэлийн ажлын талаар асуухад "Нийслэлийн Боловсролын газраас өгсөн даалгаврын дагуу нийт 40 хүүхэд шинээр бүртгэж авна. Үүнээс хоёр настай 30 хүүхдийг л бүртгэнэ.
Үлдсэн 10 хүүхдийн хоёр нь зорилтот бүлгийн хүүхэд байх юм. Тэдгээр хүүхдийг хорооныхоо нийгмийн ажилтантай хамтарч авна. Харин үлдсэн найм нь манай ажилчдын хүүхэд байх юм. Мөн таван настай 10 хүүхэд бүртгэнэ. Нийслэлийн Боловсролын газраас өгсөн даалгаврын дагуу л бүртгэлийн ажлыг хийж байна. Харин гурван настай таван хүүхэд авна. Шинэ хүүхдүүдээ 22-23-нд, хуучин хүүхдүүдээ 24, 25-нд бүртгэнэ. Гадаа байгаа эцэг, эхчүүд өөрсдөө дугаар тараасан.
Манай цэцэрлэгээс ямар ч дугаар тараагаагүй” гэсэн юм. Тус цэцэрлэгт хамран сургах тойргийн дагуу Сүхбаатар дүүргийн 10-12 дугаар хорооны хүүхдүүд бүртгүүлэх ёстой ажээ. Нийслэлийн Боловсролын газраас ирсэн бүх хүүхдүүдийг бүртгэж, сугалаа явуулна гэж мэдээлсэн. Гэвч тус цэцэрлэг сугалаа явуулахгүй нь. Биднийг цэцэрлэгээс гарахад хашааны гадна талд хүүхдээ бүртгүүлэхээр ирсэн эцэг, эхчүүд нэмэгдсэн байлаа. Тэдний дунд "Дугаар аваагүй.
Одоо яах вэ” гэсэн хүмүүс ч байв. Хүүхдээ хөтөлсөн 23 орчим насны залуухан эмэгтэйг н.Сараа гэдэг. Тэр мөн адил дугаар аваагүй гэнэ. Тэрбээр, энэ тухайгаа "Цэцэрлэг дээр нь ирэхэд бүртгэл эхлэх болоогүй гэж байсан. Намайг ирэхэд ганц нэг ээж, аав нар харагдаж байсан. Тэгээд болоогүй учраас дахиж ирээгүй. Зурагтаар 22-нд нэгдсэн журмаар ирсэн хүүхэд болгоныг бүртгэнэ гэсэн мэдээлэл үзсэн. Тэгээд ирж байна. Одоо яах вэ” хэмээн ярив.
Хонож дугаарласан ч эмх, замбараагүй байдал үүсчээ
Бидний очсон дараагийн цэцэрлэг Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэг. Тус цэцэрлэгт бүртгэлийн үеэр эмх замбараагүй байдал үүсчээ. Биднийг очих үед цэцэрлэгийн хашааны гадна "Сугалаагаар хүүхэд бүртгэх нь шударга бус” хэмээн уурлаж, бухимдсан эцэг, эхчүүдийн цуваа үүссэн байлаа. Бид цэцэрлэгийн гадна нэлээд бухимдалтай зогсох нэгэн эмэгтэйтэй уулзаж ярилцсан. Түүнийг Б.Эрдэнэцэцэг гэдэг бөгөөд наймдугаар сарын 12-ноос эхлэн цэцэрлэгийн бүртгэлийн талаар судалж эхэлжээ.
Тэрбээр "Би хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд энэ сарын 12-нд энд ирж, багш нартай нь уулзсан. Бүртгэл 22-нд эхэлнэ гэж хэлсэн. Би хувьдаа сугалаагаар бүртгэхийг дэмжихгүй байна. Жил бүр эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд заавал дугаарлаж, эсвэл сугалаа сугалах ёстой юу. Ийм байж болохгүй. Сугалаа шударга болно гэхэд би итгэхгүй байна. Тиймээс ч өчигдөр ирж хоносон. Гэтэл өглөөнөөс эхлээд л эмх, замбараагүй байдал үүссэн. Ямар ч зохион байгуулалт байхгүй.
Яах вэ, хүн бүр хүүхдээ улсын цэцэрлэгт оруулахыг хүсч байгаа. Ийм зүйл болно гэдгийг мэдсээр байж нэгдсэн зохион байгуулалтад оруулах хэрэгтэй шүү дээ. Улстөрчид юу хийдэг юм бэ. Цэцэрлэгийн асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой. Бидний татварын мөнгийг хэрэггүй зүйлд зарцуулж байгаад харамсч байна. Би хувьдаа сугалааг дэмжихгүй. Хоносон ч одоо болтол орж чадаагүй л байна” хэмээн бухимдав.
Тус цэцэрлэг нийт 325 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд энэ жил нийт 270 хүүхэд бүртгэж авах гэнэ. Дээд хэмжээгээрээ ажиллаад 270 хүүхэд бүртгэж авч байгаа боловч тус цэцэрлэгийн хамран сургах тойрогт сургуулийн өмнөх боловсрол эзэмших шаардлагатай 610 хүүхэд байдаг байна. Ийнхүү цэцэрлэгийн хүртээмж, хүрэлцээ муу, мөн сугалаанд дургүйцсэн эцэг, эхчүүдийн дунд үймээн үүссэн ажээ. Энэ үеэр мөн цэцэрлэгийн эрхлэгч, биднийг доромжилсон, хандив гэж авлига авсан гэх яриа ч гарч байв.
Бид тус цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзах гэсэн хэдий ч уурлаж, бухимдсан олны дунд дотогш орох боломж олдоогүй юм. Бүртгэл эхэлсэн анхны өдөр ердөө хоёр цэцэрлэгийн байдалтай танилцахад л ийм байв. Хүүхдээ улсын цэцэрлэгт үнэ төлбөргүй оруулчих юмсан гэсэн эцэг, эхчүүд өдөр шөнөгүй дараалал үүсгэж, бүр уурлаж бухимдаад ч амжилтад хүрэхгүй бололтой. Тиймээс бид цэцэрлэгийн бүртгэл эхэлсэн эхний өдрийн сурвалжлагаа үүгээр төгсгөсөн юм.
Хоёр дахь өдрийн байдлаар 170 хүүхэд шинээр бүртгүүлжээ
Цэцэрлэгийн бүртгэлийн хоёр дахь өдөр. Эхний өдөр ихэнх цэцэрлэгүүд ачаалалтай байсан болохоор ч тэр үү энэ өдөр зарим цэцэрлэгүүд хөл хөдөлгөөн багатай харагдсан. Бидний очсон хэд хэдэн цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл дуусч, дунд, ахлах, бэлтгэл бүлгийн бүртгэл эхэлсэн байв.
Манай сурвалжлах хэсэг Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэгийг зорьсон юм. Биднийг очих үед цэцэрлэгийн бүртгэлийн ажилчид цайндаа орсон учраас эцэг, эхчүүд байхгүй байв. Тиймээс тус цэцэрлэгийн эрхлэгч С.Оюунчимэгтэй уулзаж, цэцэрлэгийн бүртгэлийн талаар ярилцлаа. Тэрбээр "Манай цэцэрлэгийн шинэ ангийн бүртгэл маш зохион байгуулалттай болсон. Бусад цэцэрлэг дээр болсон шиг эмх, замбараагүй байдал гараагүй.
Манай цэцэрлэг нийт 500 гаруй хүүхдийн хүчин чадалтай. Чингэлтэй дүүргийн 10, 11 дүгээр хорооны нийт 600 хүүхэд хамрагдана. Ер нь бүртгэлийн ажил амжилттай үргэлжилж байна. Шинэ хүүхдүүдээ өнөөдөр бүртгээд дуусна. Одоогийн байдлаар 170 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Маргааш дунд бүлгийн бүртгэл эхэлнэ” хэмээсэн. Тус цэцэрлэг энэ жил нийт 280 хүүхэд бүртгэх аж. Харин сугалааны хувьд бүртгүүлсэн хүүхдийн тоо хэтэрсэн тохиолдолд явуулах гэнэ. Өөрөөр хэлбэл, 280-аас дээш хүүхэд бүртгүүлбэл сугалаа явуулах юм байна. Бид тус цэцэрлэгээс гарч, Баянгол дүүргийн 86, 161 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзсан. Тус цэцэрлэгүүдийн бүртгэл мөн үргэлжилж байна билээ.
Л.Олонцэцэг: Гурван настай 21 хүүхдийг бүртгэнэ
/Баянгол дүүрэг 161 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч/
-Нийт хэчнээн хүүхэд бүртгэх вэ. Бүртгэлийн явц хэр байна вэ?
-Энэ хичээлийн жилд бага бүлэгт 108 хүүхэд бүртгэнэ. Харин дунд болон ахлах бүлэгт тус бүр 21 хүүхэд бүртгэхээр болсон. Өнөөдрийн байдлаар шинээр 20 хүүхэд бүртгүүлсэн байна.
-Гурван настай хүүхдийн нэмэлт бүртгэл авч байна уу. Зарим цэцэрлэг гурван настай хүүхэд бүртгэхгүй гэж байсан?
-Манай цэцэрлэг дунд бүлгийн хүүхдийг бүртгэж байгаа. Энэ жил гурван настай 21 хүүхдийг нэмэлтээр бүртгэнэ. Хэрэв гурван настай хүүхдүүд бидний бүртгэх хэмжээнээс хэтэрвэл нэрсийг сугална.
-Өөр дүүргийн иргэд хүүхдүүдээ бүртгүүлэхээр ирж байна уу?
-Тийм. Хэд хэдэн хүн өргөдөл гаргасан. Манай харьяа биш ч манай цэцэрлэгтэй ойрхон байрлалтай айлууд бий. Тийм эцэг, эхчүүд ирж байна. Мөн өрх толгойлсон хүмүүс хүүхдээ бүртгүүлэхээр ирлээ. Түүнчлэн нийслэлийн Боловсролын газраас өгсөн даалгаврын дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бүртгэж байгаа.
-Тэдгээр өргөдлүүдийг яаж шийдвэрлэж байна. Заавал харьяа дүүрэгтээ бүртгүүлэх ёстой байдаг шүү дээ?
-Уг нь бол харьяа дүүрэгтээ л хандах ёстой байдаг. Гэхдээ бид таван настай хүүхдийг бүртгэсэн. Таван настай хүүхдүүд харьцангуй бага бүртгүүлдэг учраас орон тоо гарах тохиолдол бий. Мөн Боловсролын газраас ч гэсэн таван настай хүүхдийг бүгдийг нь бүртгэх даалгавар өгсөн.
Ц.Мөнхтуул: Сугалаа явуулахгүй
/Баянгол дүүргийн 86 дугаар цэцэрлэгийн эрхлэгч/
-Бүртгэлийн ажил хэр явагдаж байна вэ. Эцэг, эхчүүд гадаа дугаарласан байна?
-Дугаарлаж байгаа. Гэхдээ хэт их ачаалал өгсөн зүйл одоогоор алга. Гадаа бүртгэх цонхон дээр эцэг, эхчүүд тойрог тойргоороо хүүхдүүдээ бүртгүүлж байгаа. Одоогийн байдлаар манай цэцэрлэгт бүртгүүлэх ёстой хүүхдийн 60 орчим хувь нь бүртгүүлчихсэн.
-Танай цэцэрлэг хүүхдүүдийн нэрийг сугалах уу?
-Сугалаа сугалахгүй. Учир нь 115 хүүхэд хангалттай хамрагдчихна. Ойрхон олон цэцэрлэг байдаг учраас илүү хүүхэд бүртгүүлэхгүй байх.
-Гурван настай хүүхдүүдийн нэмэлт бүртгэл авч байгаа юу?
-Авч байгаа. Өнгөрсөн жил бага бүлэгтээ цөөхөн хүүхэд авсан. Тиймээс энэ жил бэлтгэл бүлэгтээ хүүхэд нэмж авах боломжтой байгаа юм.
-Өнгөрсөн жил хэчнээн хүүхэд хамрагдсан бэ?
-Өнгөрсөн хичээлийн жилд бага бүлэгтээ нийт 140 гаруй хүүхэд авч байсан. Харин энэ жил 115 хүүхэд авна. Энэ жил бага бүлэгт 115 хүүхэд авах юм бол дараа жил бэлтгэл бүлэгтээ 115 хүүхэд дээрээ нэмж хүүхэд бүртгээд 140 гаруй хүүхэд авах боломжтой болох юм. Тийм учраас энэ жил гурван настай хүүхдүүддээ нэмэлт бүртгэл авч байгаа юм.
-Танай цэцэрлэг засвартай байгаа юм байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө засвар дуусах уу?
-Хичээлийн шинэ жилээс өмнө дуусч амжихгүй. Тэгэхээр хичээлээ аравдугаар сарын 01-ээс эхэлнэ. Болж өгвөл аравдугаар сараас өмнө засвараа дуусгах гээд ажилчид маань амралтгүй л ажиллаж байна.
Цэцэрлэгт хамрагдах ёстой хоёр настнууд 19 мянга хол давжээ
Нийслэлийн Боловсролын газраас энэ жил цэцэрлэгийн бүртгэлийг сугалаагаар явуулах тухай мэдэгдсэн. Тодруулбал, наймдугаар сарын 22-25-нд бүртгэлийн ажлыг зохион байгуулна. Ингэхдээ хүүхэд бүрт "Элсэлтийн тасалбар” олгох юм. Харин наймдугаар сарын 26-нд нэгдсэн журмаар нийт хүүхдүүдийн дунд сугалаа явуулахаар болсон билээ. Гэсэн ч бодит байдал дээр сугалаа явуулахгүй гэсэн цэцэрлэг, сугалааг эсэргүүцсэн эцэг, эхчүүд ч байсныг нуух юун.
Өнгөрсөн хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 233, төрийн бус өмчийн 399 цэцэрлэгт нийт 91687 хүүхэд хамрагдсан талаар Нийслэлийн Боловсролын газраас мэдээлсэн. Үүнээс 69428 буюу 75.7 хувь нь төрийн өмчийн, 22259 буюу 24.3 хувь нь хувийн өмчийн цэцэрлэгт хамрагдсан байна. Харин 2016-2017 оны хичээлийн жилд 31 цэцэрлэгийн шинэ болон өргөтгөлийн барилга ашиглалтад орж, орны тоо 3990-ээр нэмэгдсэн аж. Харин төрийн бус өмчийн 44 цэцэрлэгт 2225-аар буюу 6115 хүүхдээр нэмэгдэж байгаа юм. Гэтэл энэ жил цэцэрлэгт хамрагдах ёстой 19 мянган хоёр настнууд бий гэсэн судалгаа бий.
Тэгвэл энэ жил шинээр ашиглалтад орсонтойгоо нийлээд 264 улсын цэцэрлэг үйл ажиллагаа явуулах нь. Хүүхдийнхээ гэрчилгээ, цээж зураг гээд бүрдүүлэх материалыг барьсан эцэг, эхчүүд энэ хэдэн цэцэрлэгийн хаяаг сахиж өнгөрөөх нь. Хэн нэгнийх нь хүүхдийн нэр сугалаанд таарвал тэр жилдээ баярлаад баршгүй азтай учирсан гэж болно гэхэд хилсдэхгүй биз. Харин сугалаанд нэр нь таараагүй, улсын цэцэрлэгт бүртгүүлж чадаагүй хоёр настнууд, хэзээ ч улсын цэцэрлэгийн үйлчилгээ авч байгаагүй гурван настнуудын эгнээнд шилжих бололтой.
mminfo.mn
Сэтгэгдэл