Эцэг, эхчүүд цэцэрлэгийн үүд сахиж хонон өнжин дуугарладаг цаг айсуй. Аль ч нам засгийн эрхэнд гараад цэгцэлж чадахгүй байгаа ганц зүйл гэвэл цэцэрлэгийн хүрэлцээний асуудал. Хүүхдийн төлөө "За” гэж хэлье хэмээн уриалан дуулдаг томчууд үнэн хэрэгтээ цэцэрлэгийн тал дээр зоригтойхон дуугарчихаж чадахгүй байна.
Өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээнд 1288 цэцэрлэг үйл ажиллагаа явуулсан талаар БСШУСЯ-ны албаны хүмүүс тайлбар өгөв. Үүнээс 826 нь төрийн мэдлийн, хувийн хэвшлийн 462 цэцэрлэг үйл ажиллагаа явуулсан байх юм. Зургадугаар сарын 1-нд цэцэрлэгүүд амарсны дараагаас бид сонгуульдаж, наадамлаж, АСЕМ-даж, Засгийн газраа бүрдүүлж байна хэмээн даанч их хөөрцөглөлөө. Одоо олимп гээд наймдугаар сар бараг бүхэлдээ шувтарна. Үр хүүхэд нь дахин цэцэрлэгт явахгүй мэт давилуун загнацгаав. БСШУС-ын сайд нь олимп гээд Бразил руу одсон. "Би олимпоос ирж байгаад цэцэрлэгийн асуудлыг чинь шийдээд өгнө” гэх ухааны юм ярьсан. Шинэ сайдын хувьд цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ, сургалтын төлбөр гэх мэтчилэн олон зүйлсийг огоорон сайдаар томилогдоод долоо хоноод л олимп үзэхээр явсан "азтай” сайд.
Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ цоожтой хаалганы цаана үлдээж ажил хийх үү, тав арван төгрөгийг нь ч болтугай өгөөд цэцэрлэгийн бараа харуулах уу гэдэг асуултын өмнө тулдаг. Ер нь бол хагас сая төгрөгөөр гарыг нь хүндрүүлчихсэн байхад цэцэрлэгт хүүхдээ өгнө гэдэг тийм ч хэцүү биш. Гэхдээ энэ хэмжээний мөнгийг нь өгөөд цэцэрлэгт хүүхдээ өгдөг эцэг эх хэд билээ. Өдгөөгөөс хоёр жилийн өмнө дүн өвлөөр нээлтээ хийсэн цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх гэж идэр ёсийн хүйтэнд эр нөхөртэйгээ хоёр хоёр цагаар ээлжлэн дугаарлан ээжүүд хонож байсныг мэдэх юм. Ер нь бол оюутан болох нь цэцэрлэгт орохоос хялбар болсон гэдэг нь үнэний ортой. Бид хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулахын тулд халаасан дахь сүүлчийн мөнгөө ч хамаагүй өргөл барьц болгон өгдөг нь нууц биш. Үр хүүхдээ зөв шударга яваарай гэж үргэлж захидаг хэрнээ авлига өгч, зам мөрийг нь эхлүүлчих гээд байдаг тийм л хүмүүс. Хүүхэд рүүгээ харж гоё зүйл ярьж хойшоо харж цэцэрлэгийн эрхлэгч, багш нарт нь таван төгрөг атгуулж байгаа нь нэг талаасаа ёс зүйгүй мэт харагдах хэдий ч бодит байдал ийм л байна. Төр нь иргэдээ ийм байлгаж байна.
Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 2-5 насны 288960 хүүхэд байснаас 225388 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байдаг. Энэ нь цэцэрлэгт шууд бүрэн хамрагдсан гэсэн үг биш. Явуулын бүлэг, ээлжийн багш нарын 14 хоногийн сургалт шахуу зүйлд хамрагдсан гэсэн үг. Тэгвэл өнгөрөгч онд 63572 хүүхэд цоожтой хаалганы цаана бүтэн жилийг өнгөрүүлсэн байх юм. Энэ хичээлийн жилд 38 цэцэрлэг шинээр ашиглалтад орох ёстой юм байна. Үүнээс 21-ийг нь есдүгээр сарын нэгнээс өмнө ашиглалтад оруулахаар "мачийж” яваа гэсэн. Хэрэв эдгээр цэцэрлэг ашиглалтад орчихвол 235412 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм. Чамлахаар чанга атга гэдэг шиг үүнд баярлаж байгаа эцэг эхчүүд маш олон байгаа.
Цэцэрлэгийн хүрэлцээ муу тул эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн тулд аргагүйн эрхэнд хүүхдүүдийг бүртгэхдээ сугалаа явуулдаг. Ингээд л нөгөө хоёр настангууд чинь хар багаасаа л ёндоогоо үзэцгээнэ. Өөрийнх нь хүүхэд сугалаанд багтаж чадаагүй бол хүүхдийнхээ азгүйг хавиар нэг дуудаж учраа мэдэхгүй тэр жаахан хүүхдэд буруу тохдог эцэг, эх байдаг юм. Ингэж л бид гэнэн, цагаан, гэм хоргүй хүүхдийнхээ ирээдүйг таван төгрөг, хар хорын үгээр утаж эхлүүлдэг. Уг нь хүүхэд гэдэг чинь азын сугалааны хонжвор биш. Ухаандаа хонжвор таарсан хүүхэд цэцэрлэгтэй болж азгүй нь гэрийн мухарт цоожлуулж Маша, Мишагаа үзэхээс өөр ямар ч сонголт алга. Хурдан морийг хагас тэрбумаар, шавар баримал 800 саяар худалдан авч, хөлстэй бөхөө хэдэн зуун саяар үнэлэгдэх орон сууц, авто машинаар байлдаг өгөөмөр монголчууд сугалааны аз төдийхнөөр хүүхдүүдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж байгаа нь даанч харамсалтай. Сугалаагаар шударга ёс тогтоож, хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулдаг ёс бус зүйлс хэзээ цэгцрэх вэ. "Азтай сугалаа сугалж чаддаггүй хог” хэмээн хоёр настай хүүгээ зодсон эхийн тухай сошиалаар баахан шуугиж байсан даа. Бидний үргэлжлэл энэ улсыг илүү хөгжүүлээд явах сэхээтнүүд ийм л байдалтай торниж байна.
Өнгөрсөн дөрвөн жил УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг тэргүүтэй гишүүд санаачлан "Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-ийг Их хурлаар батлуулж чадсан. Харамсалтай нь өнөө хууль нь хөрөнгө мөнгөнөөс болоод хэрэгжих боломжгүй хэмжээнд хүрчихээд байгаа. Хэрэв уг хууль хэрэгжсэн бол гэртээ байгаа хүүхдүүд бүгд цэцэрлэгт хамрагдаж 8798 иргэн ажлын байртай болно гэхчилэн их л сайхан мэдээллүүд дуулдаж байсан ч чимээ алдарлаа. "Олуулаа болцгооё” гэж манайхан уриалдаг ч, гурван саяулаа боллоо гэж хөөрцөглөсөн ч үнэндээ дээр дооргүй цэцэрлэгийн асуудлаа шийдэж чадаагүй байсан юм. Гурван сая дахь иргэн төрлөө гэж, түүний чацуутнуудыг нь мөн алдаршуулаад хэсэгтээ л манайхан шуугисан даа. Гурван сая дахь иргэд чинь цэцэрлэггүй, аав, ээж нь танил талаа бараадаж, тав гурван төгрөг атгуулах гэж "махаа зулгааж” байна. Эцэг, эхчүүд тав тухтай ажлаа хийх, хүүхдээ бусдын хүүхдийн ард хоцроочихгүйн тулд л цэцэрлэгт хамруулах гэж байгаа болохоос наргиж цэнгэж, зугаалах гэж байгаа юм биш. Сүүлийн жилүүдэд хандивын анги гээч зүйл бий болсон. Энэ нь дан ганц цэцэрлэг ч гэлтгүй, ерөнхий боловсролын сургуульд ч хамаарна. "Нэр чинь хэн билээ” гэж асуухын оронд "Хандивын ангийн хүүхэд үү” гэнэ. Учраа мэдэхгүй хүүхдүүд бол "Тиймээ” гэчихээд гүйж яваа харагддаг. Үнэндээ сайд нь "Хандивын анги байж болохгүй” гээд журам гаргачихаад байхад цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирлууд үл тоодог болчихсон.
Ноднин 60 мянган хүүхэд азгүйд тооцогдон цэцэрлэггүй үлдэж байсан бол энэ жил хэдэн хүүхэд азгүйтэхийг бүү мэд. Азтай нь цэцэрлэгтээ азгүй нь гэртээ эсвэл эмээ, өвөөгийн "цэцэрлэг”-т очихоос өөрөөр асуудлаа шийдэх бодлого дутмаг байна. "Энэ жил яахав эмээ, өвөө нь харчихна ирэх жил л сугалаагаар хүүхдээ оруулахаас” гэдэг азанд найдсан эцэг, эхчүүд хотоор дүүрэн байгаа нь хөндүүрлэх сэдвийн нэг болсоор байна. Гэхдээ ингэхээсээ өмнө хонож өнжин дугаарлаж, танил талаа сураглаж гүйх гээд том ажил наана нь бий. Улаанбаатарын утаа, цэцэрлэгийн асуудал яах аргагүй мөн өнөөдөртөө мөнхийн сэдэв хэвээрээ. Сар гаруйхны өмнө Их хурлын сонгууль болж нэр дэвшигч бүр хүн цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг хангалттай болгоно гэж амалсан. Төр түшилцэх хариуцлагатай албанд таныг төлөөлж суугаа хүмүүсээс "Хүүхдийн цэцэрлэг барьж өг” гээд амлалтыг нь шаардахаас яахав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал бол улсын асуудал юм” хэмээн энэ оны гуравдугаар сарын 8-ны өдөр "Алдарт эхийн одонтой эхчүүдийн уулзалт” дээр хэлж байлаа. Өнөөдөр цэцэрлэгийн хүрэлцээ хангамж эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал болчихлоо. Тиймээс улсын асуудал гэдэг нь баараггүй мөн болж байгаа биз. Төрийн тэргүүний хэлсэн үгийг үргэлж санаж үйлсийн сайхан Улаанбаатарт үй олон цэцэрлэг сүндэрлэх болтугай.
Сэтгэгдэл