Монгол Улсын эдийн засгийг тэлэх, аж ахуйн нэгжүүдэд урт хугацаатай, хямд эх үүсвэрээр хангахад гадаадын банкны салбарыг байгуулах асуудлыг хувийн хэвшил, төр засгийнхан байнга яригддаг. Начир дээрээ гадаадын банк салбар байгуулах гэхээр Монголын хуулийн өмнө бүдрэх нь их.
Хятадын том банкуудын нэг "Bank of China" Монголд төлөөлөгчийн газраа байгуулаад яг 10 жил болж буй. Мөн 2017 оны Хятаддаа "Bank of China”-гийн өмнө эрэмбэлэгддэг "Industrial and Commercial Bank of China" /ICBC/ Улаанбаатарт төлөөлөгчийн газраа байгуулсан байдаг. Уг хоёр банк хоёулаа салбар байгуулах хүсэлтэй ч өдийг хүртэл дотоодын банкуудын лобби, Монголын хууль эрх зүйн шаардлагаас болж төлөөлөгчийн газраас цааш алхаж чадахгүй яваа. Салбар нээгээгүй цагт зээл олгох, үйл ажиллагаагаа тэлэх боломж хязгаарлагдмал. Эдгээр банкууд салбараа нээгээд бага хүүтэй зээл олгоод эхэлбэл Монголчуудыг цөлмөнө, зээлийн барьцаанд хамаг мал, газар нутгаа алдах мэтээр "гадаадын банк баба" гэх тархи угаалт нийгэмд багагүй явдаг.
Монгол Улсад одоогийн байдлаар гадаадын банкны салбар байхгүй бөгөөд БНХАУ-ын хоёр, Японы нэг банк төлөөлөгчийн газар ажиллаж байна. Хоёр жилийн гадаадын зургаан банк төлөөлөгчийн газартай байсан ч тал нь Монголыг орхисон байна.
Сүүлийн үед эдийн засаг хүндэрч, банкуудын зээл гаргалт ч зогсонг байдалд ороод буй. Энэ үед гадаад банкны салбар байгуулах асуудал дахиад яригдаад эхэлжээ. Гэвч бодит байдал дээр хуулиа өөрчлөхгүй бол орж ирэх гадаадын банк байхгүй.
Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан "Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам”-д зааснаар гадаадын банк байгуулах этгээд нь дараах болон бусад хатуу шаардлагуудыг хангасан байхыг шаарддаг.
Үүнд:
• Банк байгуулах хүсэлт гаргасан өдрөөс өмнөх 3 жилийн хугацаанд активын хэмжээгээр дэлхийд эхний 100-д багтсан байх;
• Гадаадын банк нь бүртгэгдсэн улсаас бусад оронд банк, түүний нэгж байгуулж, үйл ажиллагаагаа 3-аас доошгүй жил тогтвортой явуулж байгаа;
• Төлөөлөгчийн газар нь Монгол Улсад 1-ээс дээш жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхэлсэн байх.
Иймд, гадаадын банкны салбар Монгол Улсад үйл ажиллагаа явуулах талаар холбогдох хууль, журмын шалгууруудыг өөрчилж, санхүүгийн салбарт өрсөлдөөнийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж буй аж. Энэ санаагаа ч 2023 оны төсвийн төсөлд оруулсан байна. Цаашдаа тодорхой хуулиудад өөрчлөлт оруулах замаар гадаадын банк салбар байгуулахыг дэмжиж ажиллана гэдгээ Засгийн газар илэрхийлжээ.
Гадаадын том банкууд салбараа байгуулснаар санхүүгийн салбарын өрсөлдөөн нэмэгдэж, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн зардал буурч, санхүүгийн хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой. Нөгөө талдаа олон улсын шаардлагын дагуу эрсдэлд суурилсан банкны болон мөнгө угаахтай тэмцэх хяналт шалгалтын тогтолцоог бүрдүүлcнээр гадаадын банкны салбар байгуулахтай холбоотой бусад сөрөг эрсдэлүүдийг бууруулах боломжтой гэж харж байгаа юм байна.
Цаашдаа "Банкны тухай хууль”, "Хөрөнгө оруулалтын тухай хууль”, "Компанийн тухай хууль” болон Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан "Банкны зөвшөөрлийн журам”-ыг өөрчилж, зах зээлээ нээж өгөх бололтой.
http://itoim.mn/article/YpEeA/35039
Сэтгэгдэл