Монголчууд морин цагт, есөн хөлт цагаан тугаа цэнгүүлснээр "Чингис хаан" музей үүдээ нээлээ. Хүннүгийн эзэнт гүрний үеэс XX зууны эх буюу 2000 жилийн хугацаан дахь хаад язгууртан, нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан төрт ёсны музей хол, ойрын зочдын хөлд дарагдаж өнжив. Эх түүхээ өвлүүлэх, эх орноо сурталчлах12000 үзмэрийг музейд байрлуулжээ. Үүний 92 хувь нь эх үзмэр бол үлдсэн хувь нь гадаадын 10 гаруй музей, номын сан, архивт байгаа эд өлгийн зүйлсийн хуулбар, уран бүтээл юм. Тухайлбал, ОХУ-ын Эрмитажийн музейгээс бэлэглэсэн Их Эзэн Чингис хааны нэр бүхий чулууны бичиг, Хубилай хааны тэнгисийн флотын онгоц, Ватикан Улсад байгаа хаадын захидал зэргийн “А” хуулбарыг үзмэрийн хоргонд байрлуулжээ.
Музейн нээлтэд төрийн тэргүүн, түшээд, эх хэл, түүх соёлоо сурталчлан дэлгэрүүлдэг соён гэгээрүүлэгчид ирэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулж, монгол үндэстний суу алдрыг дэлхий дахинаа тунхаглан бадраасан Эзэн Богд Чингис хаан мэндэлсний түүхт 860 жилийн ой энэ жил тохиож байна. Түүний түүхэн гавьяаг олон улсын түүхч, судлаачид онцлон тэмдэглэсээр ирсэн билээ. "Чингис хаан" музейг олон улсын судалгааны төв болгон хөгжүүлэх нь зүйтэй” гэсэн юм. Мөн Монголын ард түмэнд өв соёлынхоо дээжийг үзүүлэх бүтээн байгуулалтыг 30 жил хүлээж, гурван жилд бүтээн байгууллаа гэдгийг музейн захирал С.Чулуун онцолсон юм. Музейн онцлогоос нь дурдвал, тусгайлан тоноглосон сан хөмрөгтөө үзмэр бүртгэх, анхан шатны цэвэрлэх, сэргээн засварлах, хадгалж хамгаалах, судлах, хадгалах лабораториудтай. Орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан анимейшн, интерактив, QR, VR нэвтрүүлсэн. Дурсгал бүрд QR код байх бөгөөд гар утсаараа уншуулан орос, англи, цаашид НҮБ-ын таван хэлээр нэмэлт тайлбар авах боломжтой. Мөн үзэгчдэд зориулсан кино театр, бэлэг дурсгалын дэлгүүр, кофе шоп ажиллах юм байна.
“Чингис хаан” хаад, язгууртны музей энэ сарын 12-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхэлнэ. 16 хүртэл насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй, насанд хүрэгчдэд 30000, оюутанд 15000, гэр бүлд 20000 төгрөгөөр үйлчлэх юм байна.
Уг музейд:
-Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);
-Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);
-Их Монгол Улс;
-Монголын Их эзэнт улс;
-Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);
-Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);
-Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг нийтэд толилуулах юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 198 (6930)
Сэтгэгдэл