Чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад үнэт цаасны дахин санхүүжилт, өрийн зохицуулалт, гадаад зээлийн үр өгөөж, дотоод үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээл, Засгийн газрын өрийн баталгаа, эрсдэлийн үнэлгээний талаар танилцууллаа
Үүний дараа "Засгийн Газрын гадаад өрийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр хийсэн мэдээлэлд өгөх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлтээ танилцуулсан юм.
Уг дүгнэлтэд "Эдийн засгийн өсөлт нь зогсонги байдалд орж өндөр инфляци дагалдах хосолсон сөрөг үзүүлэлтийг стагфляц гэдэг. Манай улсын эдийн засаг стагфляцид нэрвэгдсэн төдийгүй нэмээд өрийн хямралд өртжээ. Ийм гурвалсан хямралыг даван туулах нэн хүнд. Нийт 3.4 сая хүнтэй манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) ердөө 14 орчим тэрбум ам.доллар хэрнээ улсын нийт өр 33.2 тэрбум ам.доллар давлаа. Өнөөгийн эрх баригчид 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр монгол иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдож буй талаар улс орон даяар ярьж "матрын нулимс” унагасан. Харин одоо энэ үзүүлэлт 30 сая төгрөг хол давлаа.
1991 оноос 2016 оны хооронд Монгол улсын Засгийн газрын өрийн хэмжээ 4 тэрбум орчим ам.доллар байсныг өнгөрсөн зургаан жилд хоёр дахин нэмэгдүүлж, 8 тэрбум ам.долларыг давуулж "ам ажил нь алд дэлэм” зөрлөө. Хэрэв Монголбанкны своп, Хөгжлийн банкны 500 сая ам.долларын бонд, МИАТ, Төмөр зам зэрэг төрийн өмчит олон компаниудын өр, өрийн баталгаа зэргийг нэмж тооцвол Засгийн газрын өр ДНБ-ний 100 хувьд хүрнэ. Үүнийг Дэлхийн банк баталж танай Засгийн газрын өр ДНБ-ний чинь 92 хувьд хүрлээ, "Монгол Улс хойч үедээ өр өвлүүлж байна” хэмээн дүгнэсэн. Монгол Улсын гадаад өр олон улсын дундаж, зохистой хэмжээтэй харьцуулахад тав дахин өндөр байгааг Олон улсын валютын сан анхааруулж байгаа. Ийм их хэмжээний өрийг урд өмнө нь ямар ч УИХ, Засгийн газар үйлдвэрлэж байсангүй. Энэ их өрийн дарамт ирээдүй хойчид маань өвлөгдөн үлдэх төдийгүй улс орны хөгжлийг олон жилээр хойш татна. Ийнхүү Монгол улс "гадаад өрийн хавх”-нд гүн баттай шигдээд байна.
Өрийг өдөөгч хэд хэдэн хүчин зүйл бий. Хамгийн эхэнд төсвийн алдагдал орно. Сүүлийн жилүүдэд манай улсын төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг хол давдаг "хуучтай” болсон. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн төлсөн хөрөнгийг тухайн жилд нь үрж дуусгаад дээр нь хэдэн их наядаар хэмжигдэх мөнгийг гаднаас зээлж нэмж зарцуулах төслийг Засгийн газар боловсруулж, УИХ баталж ирлээ.
Үндэсний аудитын газраас 2018-2020 оны байдлаар шинээр олгосон болон үргэлжилж буй гадаад зээл, тусламжийн ашиглалтад аудит хийсэн. Аудит дүгнэлтдээ, "Засгийн газрын гадаад зээлийн хэмжээ 2018 онд өмнөх оноос 22.3%-иар, 2019 онд 14.3%-иар, 2020 онд 28.9%-иар тус тус өсжээ. Нийт авсан зээлийн 44 орчим хувь нь төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулжээ” гэж дүгнэсэн. Энэ байдал сүүлийн гурван жилд улам бүр даамжирлаа. 2020 оны төсвийн алдагдал 4.5 их наяд, 2021 оных 3.7 их наяд төгрөгт хүрч, 2022 онд 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв жил батлагдсан байдаг. Энэ нь сүүлийн гуравхан жилд Засгийн газрын өр 10 их наяд төгрөгөөр нэмэгдэх нөхцлийг бүрдүүлжээ. Төсвийн ийм их хэмжээний алдагдал инфляцийг хөөргөж, үнэ өсгөж буй нь бага орлоготой болон тэтгэврийн насны ахмадуудын амьдралд туйлын сөргөөр нөлөөлж байна. Ийнхүү төсвөөр дамжин үнэ өсөх, үндэсний валютын ханш унах, валютын нөөц буурах зэрэг олон муу үр дүн гарч байна. Дундаж давхарга үндсэндээ үгүй болж, нийтээрээ ядуурч эхэлсэн нийгэм нэн түгшүүртэй байна.
Гадаад өрийг нэмэгдүүлэх дараагийн хүчин зүйл нь бондын зээл. Бондын түүх Сү. Батболдын Засгийн газрын үед буюу 2012 оны 3 сарын 21-нд таван жилийн хугацаатай 600 сая ам.долларын "Евро” бонд босгосноор эхэлжээ. Тухайн үед дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ огцом өсөж "Оюу Толгой” төсөл хөдөлсөнтэй холбоотой гадаадын шууд хөрөнгө оруулалт түүхэн дээд хэмжээнд хүрч эдийн засагт асар их хэмжээний валют орж ирсэн юм. Ийнхүү Монголын эдийн засаг 17 хувьд хүрсэн "алтан үе”-ийг өнөөгийн эрх баригчид өөрсдийн хийсэн ажил гэж "цаасан малгай” өмсөж явсан юм. Чухам ийм таатай үед хуримтлал бүрдүүлэхийн оронд гаднаас бонд босгоод зогсохгүй асар их хэмжээний гадаад зээлүүд авчээ. Тэр үеийн Евро бонд өнөөдрийг хүртэл төлөгдсөнгүй. Дүрээ хувиргаад "Хуралдай” бонд болжээ. Монгол Улсын Засгийн газар 2008 оны сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд "Эрдэнэс-Тавантолгой”-н нэрээр 350 сая ам.доллар, "Оюутолгой”-н нэрээр 250 сая ам.доллар, "Эрдэнэт”-ээс 200 тэрбум төгрөг гэх мэтээр нийт тэрбум ам.доллар зээлж, бэлэн мөнгө хэлбэрээр нийтэд тарааж өнөөгийн өрийн хавхны эхлэлийг тавьсан юм.
ОУВС Монгол Улсыг 2023 он биш юм гэхэд 2024 онд дефолт зарлах топ 10 улсын тоонд байнга оруулж байна. Иймээс манай улсын гадаад өрийн удирдлагыг сайжруулахад одоогийн хууль, журам, стратегийг нэн даруй өөрчлөх шаардлагатай. Улс орны эдийн засаг "сэхээний тасагт” гадаадын өр гэсэн "хиймэл амьсгаа” залгагдан хэвтэж байна" гэжээ.
http://www.shuud.mn/a/545745
Сэтгэгдэл