Төрийн банкны төлөөх эдийн засгийн бүлэглэлүүдийн зодоон



Татвар төлөгчдийн мөнгөөр боссон Төрийн банкийг Монголын санхүүгийн зах зээлийг атгасан хоёр том бүлэглэл гартаа авахаар өдгөө тэмцэлдэж байна. Энэ тухай доор өгүүлье.

Юун түрүүнд нэгэн мэдээллийг онцлоход, нэр дурдагдаж буй банкийг төрийн өмчит компаниудыг 2017 онд хувьчлах жагсаалтад  багтаажээ. Ингэхдээ 75 тэрбум төгрөгөөр хувьчлах шийдвэрийг гаргасан байна.

Д.Баясгалан тэргүүтэй Т.Очирхүү ба түүний хүүхдүүдийн бүлэглэл

МАН-ын даргын зөвлөх, УИХ-ын гишүүн асан Т.Очирхүү өөрийн хүү Эрдэнэбилэгийг саятархан Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилуулсан. Тэгвэл удаах хүү Отгонбилэгийгээ Төрийн банкны гүйцэтгэх захирлаар томилуулахаар зүтгэж байгаа талаар тус намынхан ярьцгааж байна. Т.Очирхүүгийн хоёр хүүгийн уг гарвал нь Голомт банктай холбоотой. Ямар сайндаа л УИХ-ын чуулганы хуралдаан дээр томилгоо хэлэлцэж байх үед О.Эрдэнэбилэг Голомт банкны тэргүүн дэд захирлын албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй байж Монголбанкинд очиж байгаа нь ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн нэр бүхий гишүүдэд зэмлүүлж байхав.

Тэгвэл энэ удаа Т.Очирхүүгийн удаах хүү Отгонбилэг Төрийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдож магадгүй нь. Энэ нь ирэх онд хувьчлагдах төлөвлөгөөнд ороод байгаа Төрийн банкыг өөртөө нэгтгэх Голомтын Д.Баясгалангийн улстөрийн захиалга бололтой. 500 гаруй аж ахуй нэгж, томоохон компанийн хувьцаа эзэмшигч гэдгээ зарлаж байсан Д.Баясгалан төрийн гэх тодотголтой цорын ганц банкийг хувьдаа авахаар санаархаж байгаа нь энэ ажээ.

Эрдэнэбилэг ба УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын бүлэглэл

Харин Голомтын Д.Баясгалангийн эсрэг хөдлөж, Төрийн банкийг өөрийн мэдэлд авахаар санаархаж буй өөр нэгэн эрхэм бол олноо сахал хэмээн алдаршсан Худалдаа хөгжил, Улаанбаатар зэрэг банкуудын эзэн Эрдэнэбилэг аж. Тэрбээр Монголбанкаар их хэмжээний төгрөг хэвлүүлүүлж, түүнийгээ буцаан зээлдэх замаар Хөтөлийн цемент шохой хувьцаат компани, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь зэргийг өөрийн мэдэлд шилжүүлж чадсан овсгоотой нэгэн гэдгийг Төвбанкныхан ярилцдаг юм билээ.

Эрдэнэбилэг Төрийн банкны гүйцэтгэх захиралд Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан Д.Баярсайханыг зүтгүүлж байгаа гэнэ. Д.Баярсайхан нь УИХ-ын гишүүн  Д.Лүндээжанцангийн төрсөн дүү юм байна. Эрхэм гишүүн Д.Лүндээжанцан ч бас Төрийн банкны гүйцэтгэх захирлын томилгоотой холбогдсон асуудлаар Т.Очирхүүгээс дутахгүй дээгүүр доогуур гүйж, намынхаа дарга нарыг сандаргаж яваа сурагтай.

Хамгийн ноцтой нь дээрх хоёр бүлэглэлийн зүгээс өнгөрсөн хугацаанд "Төрийн банк ашиггүй ажиллаж байна" дүгнэлт гаргуулахын тулд тус банкиар үйлчлүүлдэг бүх төрийн байгууллагуудын харилцах болон хадгаламжийн дансыг өөрсдийн банкууддаа татан төвлөрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Үүний цаад шалтгаан нь Төрийн банкны санхүүгийн үйл ажиллагааг доголдуулж, дампууруулах зорилготой. Нэгэнт Төрийн банк ашиггүй ажиллаж, үйл ажиллагаа нь доголдсон тохиолдсон тэд хүссэнээ хийхэд хялбар болох нь тодорхой юм.

Эрдэнэбилэгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэй хүн гэдэг. МоАХ-наас гаралтай Д.Баясгалан ч бас ялгаагүй Ц.Элбэгдоржийн хүн. Гэтэл Засгийн эрхийг гартаа авсан МАН-ынхан Ц.Элбэгдоржийн хүмүүст Төрийн банкны эрх мэдлийг шилжүүлж, улмаар хувьчлуулах шийдэлд хүрсэн нь ойлгомжгүй. Уг нь тус намд Төрийн банк байтугааг нь удирдаад үйл ажиллагааг  хангаад явчих чадварлаг эдийн засагчид  цөөнгүй бий л дээ. МАН энэ удаад бас л будлиантай томилгоо хийх нь.

Х.Онон


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.