Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар урьд шөнө Эрүүгийн цагдаагийн албанаас явуулсан хойшлуулашгүй ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Урьд шөнө Эрүүгийн цагдаагийн албанаас УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн албан тушаалтан Б гэдэг хүний гэрээс болон түүний хамаарал бүхий гэрээс нийтдээ 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн Б-г 48 цагийн хугацаагаар баривчилсан. Үүнээс гадна 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Иргэн Б-гийн хувьд өмнө нь УБТЗ-д олон жил ажиллаж байсан. Харин одоогийн хашиж байгаа Тээвэр зохицуулалтын албаны орлогч даргаар жилийн өмнө томилогдсон мэдээлэл байна.
Мөрдөн шалгах тактикийн хувьд процессыг нэг бүрчлэн ярих боломжгүй. Энэ нь өөрөө хэрэг илрэхэд хүндрэл үүсгэдэг гэдгийг та бүхэн ойлгохыг хүсье.Тиймээс заавал прокуророос авсан зөвшөөрлийн хүрээнд хэргийн талаарх мэдээллийг мөрдөн шалгадаг байгууллагууд өгөх ёстой.
Энэ чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байга мэдээллийг Монгол Улсын Ерөнхий сайдад өгч байсан. Өчигдөр Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр үг хэлэхдээ "Энэ төрийн албан байгаа авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх тэмцлээ үргэлжлүүлнэ" гэдэг зүйлийг хэлсэн. Энэ дотор онцолж төмөр замын тээвэр зууч, тээвэрлэлтэй холбоотой авлига албан тушаалын хэргийг онцолж хэлсэн. Дээр нь газар олголт, байгаль орчны тусгай хамгаалалттай газар нутгуудад олгосон газруудад хийж буй хяналт шалгалттай холбоотой мэдээллийг ЦЕГ-аас Ерөнхий сайдад өгсөн байгаа.
Ер нь нүүрсний хулгай гэдэг бол мөсөн уулын хэсэгхэн орой нь. Үүнээс гадна гаалийн байгууллага, НДГ, Татварын газар, тээвэр ложистикийн салбар, төрийн худалдан авах ажиллагаа, газар олголтын салбарт байгаа бүхий л авлига албан тушаалын асуудалтай энэ Засгийн газар ямар ч эргэлзээгүйгээр тэмцлээ үргэлжлүүлж байна. Иргэд болон бусад хүмүүсээс ирсэн өргөдөл гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаанууд явагдаж байгааг хэлье.
Ерөнхий сайд 2023 оны зургадугаар сарын 1-нээс өмнө төрийн албанд ажиллаж байгаа орлогоосоо давсан хэрэглээтэй хүмүүсийг ажлаа сайн дураараа өгөхийг уриалсан. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс өөрийнхөө орлоготой нийцсэн хэрэглээтэй байх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Энэ чиглэлээр тодорхой ажлууд хийнэ" гэсэн юм.
Сэтгэгдэл