АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өөрийн өвөг дээдсийн нутаг болох Ирландын аралд гурван өдрийн айлчлал хийж байна.
Айлчлалынхаа хоёр дахь өдөр буюу Пүрэв гарагт тэр Бүгд Найрамдах Ирланд Улсын парламентад үг хэлжээ.
"Би гэртээ байна. Би энд аль болох удаан саатмаар байна” гэж түүнийг хэлэхэд Ирландын парламентын гишүүд алга нижгэнүүлэн ташиж байлаа.
Байден нь Жон Кеннеди, Рональд Рейган, Билл Клинтон нарын дараа Ирландын парламентад үг хэлсэн АНУ-ын дөрөв дэх ерөнхийлөгч болжээ.
Парламентад үг хэлснийхээ дараа орой нь тэрбээр Дублины цайзад зохион байгуулагдсан хүндэтгэлийн зоогт оролцсон юм.
Байден айлчлалаа Их Британийн хаант улсын бүрэлдэхүүнд багтдаг Умард Ирландаас эхэлжээ.
Тэнд байхдаа тэр улс төрийн зөвшилцлийг уриалж, АНУ-ын хөрөнгө оруулалтыг амлах зэргээр илүү албаны яриа өрнүүлж байв.
Харин хоёр Ирландын хилийг давсныхаа дараа Байдены айлчлалын өнгө аяс илүү хувийн чанартай болсон юм.
Байдены элэнц өвөг Оуэн Финнеган 1849 онд Ирландын Лоут мужаас АНУ руу цагаачилж байжээ.
Өнөөдөр тэр арлын баруун эрэгт оршдог Майо мужид очиж, өөрийн нөгөө талын төрөл саднуудтай уулзахаар төлөвлөсөн байна.
Дараа нь тэр Кнок дахь Католик сүмд зочилж, Баллина тосгоны оршин суугчидтай уулзсаныхаа дараа айлчлалаа өндөрлөхөөр болжээ.
"Тэр бол жинхэнэ Ирланд эр. Ирландтай холбоотой гэгддэг бусад ерөнхийлөгч нараас тэр өөр хүн” гэж Баллина тосгоны 52 настай оршин суугч Майкл Кэрр ярьж байна.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл