Норвегийн их сургуулийн докторын зэрэгтэй М.Найданхүү гэж найз, хуурай дүү минь бий. Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг олон жил хэлж ярьж яваа, эх орныхоо төлөө сэтгэл чилээсэн сэхээтэн бий. Би түүнийг монголын нийтлэлийн ертөнцөд зөв байрыг нь эзлүүлчих санаатай ятгаж дэмжиж явдаг. Өөрөө халшраад байх шиг байна. Иймд өөрөөс нь зөвшөөрөл авалгүйгээр, бас өөрт нь урам зориг болог гээд, надад өөрт таалагдсан ба өргөн олон уншигчдад талаагдах мөрүүдээс авч нэгэн нийтэл босгов. Таалан соёрхоно уу! –
судлаач проф. Д.Баярхүү
Нэгэн зүйл
Би нэлээд мөлжүүртэй яс болон хувирч байх шиг байна. Учир нь эх орныхоо хөгжилд хүйтэн цэвдэг сэтгэлээр хандаж, хүн ардаа хөөргөх, онгироох замаар хөрөнгөжсөн, мөнгөжсөн, албан тушаалтай болсон этгээдүүдийг АН, МАН ялгалгүй шүүмжилж буйд юм. Эзэндээ, даргадаа тал олох гэсэн хүмүүс их дайрах юм. Над руу дайр, сайн доромжил. Би боломжийг өгч байна. Энэ нь таньд ач тусаа өгч буй бол сайн л байна. Харин би бичихээ зогсохгүй ээ! Тэмцлээсээ няцахгүй гэдгээ л шударгаар хэлмээр байна.
Мөн тэднийгээ хэт бурханчлан тахиж шүтсэн, эсвэл нам хэмээх нэг хайрцаганд ороод эсрэг намын хэн ч байсан дайсан, манай талын хүн байвал хэн ч байсан баатар хэмээн сэтгэгчид, итгэгчид олон болсонтой холбоотой юм болов уу даа?!! Би тэр хүмүүсийг ойлгож байнаа. Мөн дэмжиж буй маш олон хүн байгаад гүнээ талархаж байна.
Дахин хэлэхэд би хэнтэй ч аяга хоол булаацалдаагүй, мөн хууль бусаар баяжаагүй. Надад хүнтэй өширхөөд байх алдар гавьяа болон гэмт үйлдэл байхгүй. Гагцхүү Монгол Улсын минь эрх ашиг, тусгаар тогтнол, ард олны амьдрал чухал байна. Гэмт хэрэг, бурууг үйлдсэн бүхнийг хатуу цээрлүүлж байж шударга ёс тогтоно, нийгэм цэвэршинэ. Манай нaм, танай нaм, манай хүн, танай хүн гэсэн байдлаар асуудалд хандвал бидэнд хэзээ ч сайн төр, сайн засаглал, сайн ардчилал бий болохгүй. Олигархижсан нийгэм байгуулж буй цагт ард олон олигтой амьдарна гэсэн ойлголт огт байхгүй ээ.
Уламжлалт ардчилал дээр тулгуурласан, орчин үеийн Монгол Улсыг бид л бий болгож чадна.
Өмнөд Солонгосын Пак Жөн Хи улс орноо Өнчин хүүхэд экспортлогч орноос аж үйлдвэрийн экспортлогч улс, Сингапурын Ли Куан Ю загасчны жижигхээн тосгоноос өнөөгийн Азийн тэргүүлэх өндөр хөгжилтэй улс болгож чадсан. Гэх мэт улс орнууд зөв, хатуу бодлогоор хөгжиж, дэвшсэн жишээнүүд зөндөө байна.
Нэгэн зүйл
Би бусад улс орнууд яаж хөгжиж байна, улс эх орондоо хэрхэн эзэн болон амьдарч, эх орондоо элэг бүтэн аз жаргалтай амьдарцгааж, хөдөлмөрлөж буй талаар л бичиж байгаа. Маш энгийн зүйлийг бид хууль, журам, бодлого болгон мөрдөж чадвал л бид бусдын адил хөгжин цэцэглэх болно. Би хэн нэгэнд атаархсан, хорссон, би хэн нэгэнд заасан, цэцэрхсэн эсвэл би хэн нэгэнг доромжилсон, гутаасан юм миний бичлэгүүдэд огт байхгүй ээ.
Баялгийн орлогоо Moнгол Төрдөө төвлөрүүлж чадахгүй байгаа нь бидний хөгжлийн хамгийн том алдаа юм. Өвгөдийнхөө үлдээсэн баялагаа ухаж гаргаад өрөнд ордог мулгуунууд энэ гариг дээр биднээс өөр алга.
Би хүмүүсийг уншиж ойлгоосой л гэж бичдэг. Монголынхоо сайн сайхны төлөө! Хөдсөн дээлт Монгол түмнээ хөгжлийн нэг шатаар ахиулахын төлөө! Байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг бий болгохын төлөө! Үзсэн, сурсан, мэдсэнээ л зориулах юмсан гэx санааг эрхэмлэдэг. ФБ гэсэн өөрийн орон зайгаа ашиглаж байна. ФБ бол бас л хүн төрөлхтөний хөгжлийн нэг шат. Монголчууд бид энэхүү хөгжлөөс хоцрохгүй байгаа нь бас л нэг том амжилт мөн шүү.
Нэгэн зүйл
Цалингаа нэм, үнээ чөлөөл, шударга өрсөлдөөнийг нэм! Норвег шиг баялгаа үнэлсэн татвараа нэм, баялгийн орлогоо Монголдоо төвлөрүүл, олсон мөнгөнийхөө 80 хувийг иргэддээ цалин, тэтгэвэр болгон өг! Өөр юу ч хэрэггүй. Би Монгол эх орноо Норвеги шиг болгож, хөгжүүлэхийг л хүсч, бичиж, тэдний туршлагыг шууд хуулбарлахыг уриалж байна. Монголд дундаж давхаргын хүмүүс, сэхээтнүүд, ажилчид тэтгэвэрт гарлаа л бол шууд ядуусын эгнээнд шилжиж байна. Гашуун үнэн энэ байна. Иргэдээ хайрладаг, хүндэтгэдэг нийгмийг бүгд нийлэн цогцлоон бүтээх юмсан. Норвег улсад тэтгэврийн настангууд хамгийн жаргалтай.
Тэтгэврийн доод талын хэмжээ сардаа 3000 ам.доллар буюу 10 сая гаран төгрөг. Тэтгэврийн нас 68 байгаа нь ч залуу сэтгэлгээ, эрч хүчийг нэмдэг бололтой. Манайд бол 60 нас хүрэхгүй тэтгэвэрт хөөж гаргаад тун бага тэтгэвэр тогтоодог.
Монголд насаараа зүтгэсэн настангууд хэцүү л байдаг юм байна. Нэг жишээ татахад дээд сургуулиа төгсөөд насаараа шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, залуу хойч үеээ зааж сургасан эрдмийн зэрэг цолтой багш 650 мянган төгрөгний тэтгэвэр авдаг гэв. Хагас зуун жил төрдөө ажиллахдаа төсөвт төлсөн татвар нь хэдэн зуун сая төгрөг болох байх. Гэтэл өнөөдөр авч буй тэтгэвэр нь ийм байдаг юм байна. Үнэн гомдож байдаг бололтой. Монголын төрд огт ажиллаж байгаагүй хүний авч буй тэтгэврээс ердөө л 50 мянган төгрөгөөр илүү авдаг гэх.
Насаараа Монгол эх орондоо шударгаар зүтгээд гавъяаныхаа амралтаа эдэлж буй хүмүүстээ улсдаа, ардын төрдөө өргөсөн шударга хөдөлмөрийг нь үнэлж, нэг удаа 180 сая төгрөгний буцалтгүй тусламж өгөх хэрэгтэй. Ийм бодлого хэрэгжүүлж байж эдгээр цөөхөн үлдсэн хүмүүсийнхээ сэтгэлийн гомдлыг илааршуулна.
Залуу халуун насандаа шударга хөдөлмөрөө Монгол Улсынхаа хөгжил, цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээ зориулсан ахмадуудынхаа хөдөлмөрийг үнэлж, нэг удаа буцалтгүй тусламж олгох хэрэгтэй юм байна. Энэ мөнгө хөрөнгө нь өнөөдрийн энэ төсөв, сан, банк, баялагаа тоносон хулгайчдын мөнгө хөрөнгөтөй харьцуулахгүй бага юм гарна даа.
Нэгэн зүйл
Монголд гарч буй мэдээллийн сувгуудаар дандаа Төрөөс төрсөн тэрбумтан, төсвөөс хумсалсан хулгайч нар, улстөрчдийн идсэн уусан, хуссан, хумсалсан түүхийг уралдан мэдээлж он цагийг элээж байна. Энэ бол манай улс хөгжлийн зөв замд орохын нэгэн эхлэл гэлтэй. Гэвч нэг нь ч ял үүрч хариуцлага хүлээдэггүй.
Хэдхээн жижиг гарууд нь 2-3 жил шоронд суусан болоод жижүүр энэ тэр хийж байгаад гарсан байх. Жишээлэхэд ТТ-н баялгийн ХОГ-г үйлдсэн этгээдүүд гадаадад хэдэн сая долларын гүйлгээ хийсэн, татвараас гадна оффшоор бүсэд данс эзэмшдэг, гадаадад олон тооны хаус, үл хөдлөх хөрөнгөтэй... гэх мэтчилэн бодит фактууд бол байгаад байдаг.
Цалингаас гаднахи энэ их орлого хаанаас гаралтайг тогтооход л болох юм биш үү? Хууль бус баяжилт, хууль бус орлогыг тогтоож, яллах хэрэгтэй шүү дээ. Энэ мэтчилэнгээр толгойг нь илээд байвал хууль хэмээх вакцинд дийлддэггүй улстөрч вирусүүд олноор өсөн үржиж, Монголын Төрийг үнэгүйтүүлж, ирээдүй хойч үед хортойгоор нөлөөлж байна гэдгийг ойлгох цаг болжээ. Төрд, улс төрд л орвол амархан баяжина гэсэн ухар богино бодолтой олон мянган залуус бактер мэт өсөн олширч байна. Норвег улсад ч гэсэн ийм асуудал байсан юм билээ. Компаниуд, хувь хүмүүс шилэн данс хэрэглэдэг болсоноор энэ асуудлыг шийдсэн.
Улс төрчид, өндөр албан тушаалтнууд Хөрөнгө Оруулгын мэдүүлэг (ХОМ) гаргаж тэрнийг нь нийтэд мэдээлдэг. Шударга эрэн сурвалжлах сэтгүүл зүй, ТББ-ууд, ард олны хяналт сайжирвал гэмт этгээдүүдэд гишгэх газар олдохгүй шүү дээ. Гэмт үйлдэлтэй хүмүүсийг улам л гишгэх газаргүй болгох хэрэгтэй байна!
Одоо л манайд хүчтэй хөндөгдөж эхэлж байна. Улс төрч-хулгайчдыг эрүүгийн ял үүрүүлж, хөрөнгө мөнгийг нь хураасан шүүх хурлыг ил тод ард түмэндээ нээлттэй явуулах хэрэгтэй. Ойрын жишээ гэхэд л Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд Сөүл хотын шүүхээс 24 жилийн хорих ял оноож байсан. Мөн улсад учруулсан 18 тэрбум ам.долларын хохиролыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүх хурлыг нь шууд дамжуулж үзүүлсэн. Хууль хаана тэгш, шударга үйлчилнэ тэнд хөгжил, дэвшил ирдэг журамтай. Эмх цэгц, дэг журам үүрэг хариуцлага гэдэг бол нийгмийн хөгжлийн зүй тогтол юм.
Нэгэн зүйл
Бидний сонгосон ардчилал, чөлөөт зах зээлийн энэ зам хамгийн зөв. Монгол хүмүүст хөрөнгийн эрх чөлөө ирсэн. Монгол хүн эх орондоо баян чинээлэг амьдарч болно. Зам зуурт завсрын завшигч нарт ноёлуулаад буйгаа ардчилал гэж ойлгож болохгүй. Өнөөгийн энэ жижигхэн зовлонг мушгин гуйвуулагч, аль нэг улсын хавсарга улс байх, тэдэнд дарлуулан дээрэлхүүлэх сонирхолтой тэнэгүүд бас хаа сайгүй байх юм аа. Монголд олон хүмүүс энэ нийгэм болохгүй, бүтэхгүй байгаа тухай их ярих юм. Дарга шүтсэн коммунист үзлээсээ бүгд татгалзаж, хүн бүр хулгайч сэтгэлгээнээсээ салах л туйлын чухал байна. Сүрэг хонины хажуугаар машинтайгаа гарахад Монгол хүн бүрт нэг хонь шүүрэх тухай бодол орж ирдэг гэдэг үнэн шүү!
Мөн ажиглаад байхад Монгол хүмүүс хүүхэд шиг их гомдомтгой болжээ. Дарга муутай болохоор л бид хөгжихгүй байна гэнэ. Уул нь бид саарыг үздэггүй, сайныг дэмждэг өвгөдийн сургааль, сургамжтай үндэстэн. Хүн бүр өөрөө өөртөө эзэн болох л асуудал нэгдүгээрт. Яг үнэндээ буруу санаагүй, хөдөлмөрч ажилсаг бол Монголд боломж дүүрэн байна.
Монголд стокхольмын синдромд автсан хүмүүс хэт олон байна. Биднийг хүчирхийлэж, хөгжүүлэхгүй байгаад нь маш их хайртай. Тэднийг өмөөрч, өмгөөлөх пропагандад автагсад, мөн суртал ухуулга ч хөвөрсөөр л байх юм. Өчигдрөөрөө бус, маргаашаар бус зөвхөн өнөөдрөөр л бид өөрөө өөрсдөө эх орондоо эзэн болон амьдрах ёстой! Энэ чин сэтгэл бидний зүтгэл болчихвол ч Монголд хөгжил ойрхон байна. Монгол хүний нэгнээ гэх сэтгэл хүн төрөлхтөний дотор дээгүүрт орно. Ядарсан нэгэндээ туслах, зовсон нэгнийг тэтгэх, дээрэлхүүлсэн нэгнээ өмөөрөх Монгол хүний сэтгэл гал шиг дүрэлзэж, хандив мөнгө цуглуулаад дор нь л босгоод ирэх юм. Өөрийн олж буй жаахнаасаа л илүүчилж буй хэлбэр шүү дээ. Ядаж л бид автобусандаа урд хаалгаар орж, мөнгөө төлж сурсан байна. Хүнээр албадуулахгүй ухамсар сууж буй нь бахархалтай.
Үргэлжлэл бий
М.Найданхүү
Сэтгэгдэл