Тухайлбал, хувийн хэвшлийн ААН-үүдийн гадны хөрөнгө оруулагчаас татсан санхүүжилтийг арилжааны банкууд олон сар жилээр гацааж, хөрөнгө оруулагчдыг залхаан цээрлүүлж, өөрсдөө тэндээс ашиг олдог байна.
Нэгэн жишээг уншигч танд хүргэе.
Д нэртэй нэгэн барилгын компани Герман улсын хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулж, өөрсдийн компанийн тодорхой хувийг эзэмшүүлэхээр тохирч, тус хөрөнгө оруулагчаас 10 сая еврогийн санхүүжилт авахаар болсон байна.
Ингээд эхний ээлжийн хөрөнгө оруулалт болох 6 000 000 еврог Монголын нэгэн арилжааны банкаар дамжуулж авахаар гэрээлсэн байна. Ингэхдээ тухайн банкийг "Sweet GPI” системээр дамжуулж гуйвуулгаа хийх боломжтой эсэхийг тодруулж байж гэрээгээ хийсэн байдаг. Тухайн банк "Sweet GPI” системээр гүйлгээ хийх боломжтой гэсний үндсэн дээр банк болон хөрөнгө оруулагч талдууд хамтдаа сууж байгаад 2023.01.09-ний өдөр хөрөнгө оруулагч тал мөнгөө шилжүүлсэн байна.
Гэвч өнөөдрийг хүртэл буюу бүтэн 5 сар орчмын хугацаанд тус банк хөрөнгө оруулагчийн мөнгийг гаргаж өгөхгүйгээр удаа дараа худал мэдээлэл өгч, хойшлуулсаар иржээ. Энэ хугацаанд Д барилгын компани хөрөнгө оруулалтгүйгээс ажил нь гацаж, ажилчдын цалингаа тавьж чадахгүйд хүрч, гадны хөрөнгө оруулагчид нь зардал чирэгдэл болон хувийн өмгөөлөгч, хууль хяналтын байгууллагаар явахдаа тулжээ.
Тухайн банкныхан хөрөнгө оруулагчдын мөнгийг гаргаж өгөхгүй байгаа шалтгаанаа эхлээд "дүрмийн сан хүрэхгүй байна" гэж тайлбарлаж байсан бол сүүлдээ УЗ-ийн хурал, шийдвэр гарах ёстой гэх мэт олон шалтгаан хэлсээр байгаа ажээ.
Уг нь гаднаас орж ирж буй их хэмжээний мөнгөн гуйвуулгыг Монгол банк хууль бус эсэх, терроризмийг санхүүжүүлж буй эсэх гэх мэт 3-4 үзүүлэлтээр шалгаад, тодорхой асуудал байхгүй бол арилжааны банкууд шижүүлгээ хийх нөхцөл бүрддэг байна. Энэ дагуу Д компанийн хөрөнгө оруулагчийн мөнгө шалгалтаар орж дуусаад, тухайн арилжааны банк гүйлгээгээ хийх боломжтой болсон ч ийнхүү шилжүүлэхгүй, удаа дараа хойшлуулсаар байгаа юм.
Энэ нь хөрөнгө оруулагчийн мөнгийг ашиглан, өөрсдөө ашиг олж, хүүг нь хувьдаа завшиж байна гэж хөрөнгө оруулагчид болон Д компанийнхан хардаж байгаа аж. Уг асуудлаар бид үргэлжлүүлэн сурвалжилж хүргэнэ.
Жич: Банкинд хөрөнгө оруулагчийн мөнгө шилжиж орж ирснийг батлах албан бичгийг хавсаргав.
https://tsahiur.mn/n/s/14443
Сэтгэгдэл