ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголын хөдөлмөрийн зах зээл 2 СОРИЛТТОЙ тулгараад байна


 

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголын хөдөлмөрийн зах зээл 2 СОРИЛТТОЙ тулгараад байна

 

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл хоёр үндсэн сорилттой тулгараад байна гэж Дэлхийн банкны шинэ тайланд онцолжээ. Тухайлбал, чанартай ажлын байрыг олноор бий болгох, ингэхдээ салбаруудаар төрөлжүүлэх явдлыг нэмэгдүүлэх болон илүү өргөн цар хүрээ бүхий хүртээмжтэй хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэн эмэгтэйчүүд, залуучууд, хотын оршин суугчдын ажиллах хүчний оролцоог дэмжих шаардлагатай гэж буй юм.

Засгийн газраас "Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн баримт бичгийг өмнө нь боловсруулсан бол "Шинэ сэргэлтийн бодлого”-доо эдийн засгийг сэргээх, төрөлжүүлэх төлөвлөгөөг тусгасан. Эдгээр төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ юуны түрүүнд хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг чухалчлан авч үзэх хэрэгтэй. Учир нь чанартай ажлын байр бий болгох, өндөр бүтээмжтэй ажиллах хүчийг хөхиүлэн дэмжих нь амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, ядуурлыг арилгахад нэн чухал юм. Илүү эрчтэй, динамик  хөдөлмөрийн зах зээл бий болсноор бүтээмж сайжрахаас гадна бүтээмж муутай ажлын байруудыг бүтээмж өндөр ажлын байраар орлуулж, улмаар илүү төрөлжсөн, тогтвортой эдийн засгийг бүтээх бололцоо бүрдэнэ гэжээ.

Түүнчлэн эхэнд дурдсан сорилтуудыг шийдвэрлэхийн тулд дараах гурван ялгаатай өнцгөөс авч үзсэн олон талт ажлын байрны стратегийн саналыг Дэлхийн банкнаас  дэвшүүлжээ.

НЭГ: Ажиллах хүчний эрэлт: Макро эдийн засаг, сангийн бодлогыг бэхжүүлэх, бизнесийн илүү таатай орчин бүрдүүлэх, уул уурхайн бус секторын экспортыг төрөлжүүлэн дэмжих замаар ажиллах хүчний эрэлтийг илүү эрчтэй, динамик болгох;

ХОЁР: Ажиллах хүчний нийлүүлэлт: Боловсрол болон ур чадварын чанар, ач холбогдлыг сайжруулах, нийгмийн халамж хүртэгчдийг ажиллах боломжоор хангах замаар ажиллах хүчний чанарыг ахиулах;

ГУРАВ:  Хөдөлмөрийн зах зээлийн үйл ажиллагаа: Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн иж бүрэн тогтолцоог бүрдүүлэх, хөдөлмөрийн зах зээл дээр хэрэгжиж буй хөтөлбөрүүдийг үр дүнтэй ажлын байр болгон хувиргах, ажилгүйдлийн даатгалын тогтолцоог шинэчлэн ажилчдыг хамгаалах тогтолцоог бүрдүүлснээр хөдөлмөрийн захын үйл ажиллагааг улам сайжруулах асуудал  багтаж байна гэж үзжээ.

Төгсгөлд нь тодотгоход, эдийн засагч Д.Лхагвасүрэн "Ядуурлыг  бууруулах хамгийн тууштай арга бол хөдөлмөрийн бүтээмжийг өсгөх явдал. Сайн, чанартай ажлын байрны тоог нэмэгдүүлэх замаар хөдөлмөрийн бүтээмжээ нэмнэ” гэж байсан. Ерөнхийдөө эдийн засгийг улс төрийн бус цэвэр эдийн засгийн нүдээр хардаг эдийн засагчдын зүгээс ийм зөвлөгөө бүхий байр суурийг хэвлэлээр дамжуулан улстөрчдөд өгдөг. Гэвч төр засгийн бодлого шийдвэрүүдийг харахаар хөдөлмөрийн зах зээлийн хөгжил тэлэлт зөвхөн хувийн хэвшилтэй хамаатай юм шиг хандсаар ирсэн юм. Тиймээс ч олон улсын байгууллагуудын зүгээс тогтмол ийм шүүмж, зөвлөгөө сонссоор өнөөдрийг хүрчээ.

https://news.zindaa.mn/4lez

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.