ОХУ-ын уран гулгагчид дараагийн олимпод Монголыг төлөөлөх үү


 

ОХУ-ын уран гулгагчид дараагийн олимпод Монголыг төлөөлөх үү

 

ОХУ-ын шилдэг уран гулгагчид өнгөрсөн амралтын өдрүүдэд "Steppe Arena” цэнгэлдэхэд уран гулгалтын шоу тоглолтыг зохион байгуулсан нь Монголын үзэгчид дэлхийн оддын үзүүлбэрийг дэргэдээс нь үзэх завшаан тохиосон.  

Тэгвэл тамирчид манай улсад саатах үеэр, ОХУ-ын зарим уран гулгагч Монгол Улсыг төлөөлөн олон улсын тэмцээн, уралдаанд өрсөлдөх, цаашлаад 2026 оны өвлийн олимпод манай улсын нэрийн өмнөөс оролцох талаар хөндөгдсөн байна. Тодруулбал, хойд хөршийн уран гулгалтын тамирчдыг дагадлан ирсэн төлөөлөгчид Монгол Улсын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, уг сэдвээр санал солилцсон талаар эх сурвалж мэдээллээ.

Олон улсын олимпын хороо өнгөрсөн оны хоёрдугаар сард Украины дайны эсрэг хориг арга хэмжээний хүрээнд ОХУ болон Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахыг хориглох зөвлөмжийг дэлхийн спортын холбоодод хүргүүлсэн. Улмаар Олон улсын тэшүүрийн холбоо ОХУ болон Беларусийн тэшүүрийн холбоонд харьяалагддаг уран гулгагчдыг олон улсын тэмцээн, арга хэмжээнд оролцохыг тодорхойгүй хугацаанд хориглосон. Ингэснээр ОХУ-ын уран гулгагчид олимпын эрх авах олон улсын тэмцээнд өрсөлдөж, ирэх өвлийн олимпод оролцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Уг асуудал дан ганц уран гулгалт төдийгүй ОХУ-ын олимпын тамирчдад хүндээр тусаж буй. Түүнчлэн өөр орны шигшээ баг болон тамирчныг дасгалжуулдаг ОХУ-ын дасгалжуулагч олон улсын тэмцээнд оролцоход виз олгохгүй байх зэрэг асуудлууд үүссээр байгаа юм. Тиймээс ОХУ-ын спортын холбоод тамирчдаа Казахстан, Киргизстан, Армени, Монгол Улс тэргүүтэй бусад орны нэр дээр өрсөлдүүлэх асуудал яригдах болсон.

Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард Спорт, олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-ын Спортын сайд Олег Матыцинтай цахимаар холбогдож 2022-2024 онд хамран ажиллах тэмцээн уралдааны талаар санал солилцсон талаар бид мэдээлж байв. Энэ үеэр ОХУ-ын тамирчдыг Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын тэмцээн, уралдаанд оролцуулах асуудал хөндөгдсөн. Гэхдээ уг уулзалтаас ямар нэгэн шийдэл гараагүй бөгөөд талууд үргэлжлүүлэн санал солилцохоор уг асуудлыг нээлттэй үлдээгээд байгаа юм.

 

https://itoim.mn/a/2023/05/07/sport/umm



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.