Шашны үйл ажиллагаа явуулдаг компанид Су.Батболдын олгосон 58 га газрыг ашиглалгүй 5 жил болсон ч, эзэмших эрхийг цуцлалгүй, хашаалсан хэвээр байна


 

Шашны үйл ажиллагаа явуулдаг компанид Су.Батболдын олгосон 58 га газрыг ашиглалгүй 5 жил болсон ч, эзэмших эрхийг цуцлалгүй, хашаалсан хэвээр байна

 

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Төв аймгийн Зуун мод явах замд олон га газрыг авч, цэнхэр хашаа татсан нь нэг хэсэг олны анхаарлыг татаж, хэл ам дагуулсан. Гэвч эл асуудал тэгсхийгээд намжиж байв. Тэгвэл уг газрыг эзэмшиж буй эрхмүүд нь өнөөг хүртэл тухайн газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүйн зэрэгцээ, мал байтугай хүн ч орох боломжгүй болгон хашаалсан ч өнөөг хүртэл тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй асуудлыг бид энэ удаад хөндөж байна.

ВИДЕО:

-"ДАНСОЛ ГЭЙТВЭЙ" ХХК ТУХАЙН ГАЗРЫГ "ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР”-ЫН ЗОРИУЛАЛТААР АВСАН АШИГЛААГҮЙ ТАВАН ЖИЛ БОЛЖЭЭ-

Төв аймгийн Зуун мод явах замд байрлах цэнхэр хашаа бүхий тус газрыг Хотын дарга асан С.Батболд ажлаа өгөхөөсөө гурван хоногийн өмнө буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр "Дансол гэйтвэй" ХХК-д "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын зориулалтаар 15 жилийн хугацаатай олгожээ.

Гэвч үүнээс хойш тухайн 58 га газрыг хашаалснаас өөрөөр ашиглаагүй байгаа юм. учир нь Газрын тухайн хуульд "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заажээ. Гэтэл "Дансол гэйтвэй" ХХК-ийн тухайн газрын газар эзэмших эрхийг холбогдох албаныхан цуцлаагүй байна. Нөгөөтэй тухайн газрыг Хотын дарга асан С.Батболд анх олгохдоо хууль зөрчиж олгосон байдаг.

Иймд хууль зөрчиж олгосон газрыг хүчингүй болгох эрх нь дараа дараагийн Хотын дарга нарт байсан ч тэд энэ асуудлыг огт тоосонгүй юу, эсвэл хэн нэгний эрх ашиг хөндөгдсөн учир тэд мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрсөн үү гэдэг нь ч мөн анхаарал татна.

 

"Дансол гэйтвэй" ХХК-ийн бүртгэлийн мэдээлэл

 

Тэгвэл бүхэл бүтэн гурван уулын ам дамнуулан хашаалж аваад зориулалтын дагуу ашиглахгүй 5 жилийн нүүрийг үзэж байгаа "Дансол гэйтвэй" ХХК нь хэний эзэмшлийнх вэ гэдгийг сөхөж үзлээ. Нээлттэй мэдээллээс үзэхэд, тухайн компани нь Б.Оюунтуяа, М.Нямсүрэн, О.Адъяахүү, Б.Болд, А.Энхмаа, Бүгд Найрамдах Филиппин улсын иргэн Pagarigan Angelina нарын нэр дээр бүртгэлтэй байна.

-58 ГА ГАЗАР АВЧ, ХАШААЛСАН КОМПАНИЙН ЦААНА ЕСҮС ХРИСТИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ КОМПАНИ БАЙДАГ АЖ-

Харин тухайн 58 га газрыг хашаалсан цэнхэр хашааны хаалган дээр "Гэйтвэй Интернашинал Эдюкэйшн Корпорэйшн” гэх хаяг байрлуулсан байв. Уг компани нь "Олон Улсын Боловсролын Үүд Сан” гэх байгууллагын нэр дээр бүртгэлтэй байх бөгөөд тус компанийн удирдлагаар Америкийн нэгдсэн улс иргэн Ким Жони Мионг, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким Иохан нар бүртгэгджээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн 58 га газар нь БНСУ-ын иргэн Ким Иохан гэгчийнх гэдгийг хэлж буй юм. Тухайн солонгос иргэн нь "Есүс христийн сайн мэдээг түгээн дэлгэрүүлэх” чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Монголын адвентист чуулган” гэх байгууллагыг удирдаж байгаад 2021 оны долдугаар сард нэрээ шилжүүлсэн байх аж.

 

"Монголын адвентист чуулган”-ын улсын бүртгэлийн мэдээлэл

 

Үүнээс үзэхэд Хотын дарга асан С.Батболд Монгол Улсын жирийн нэгэн иргэнд 07 га газар олдохгүй байсан үед Хотын төвөөс хэдхэн км зайд ийнхүү 58 га газрыг Филиппин Улсын иргэний хувь эзэмшдэг компани болон үүний цаана "Есүс христийн сайн мэдээг түгээн дэлгэрүүлэх” чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Солонгос иргэнд хууль зөрчиж олгосон байж болзошгүй байгаа юм. Мөн тухайн иргэд нь газраа хуульд зааснаар зориулалтын дагуу ашиглаагүй таван жил болсон эл асуудлыг Хотын дарга Д.Сумъяабазар анхааралдаа авч шийдвэрлэх шаардлага байна.

 

 

https://isee.mn/n/50075

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.