“Унагатай хөшөө”-тэй ногоон байгууламж дээр газар эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болголоо


“Унагатай хөшөө”-тэй ногоон байгууламж дээр газар эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болголоо

 

Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Өгөөж Чихэр боов” ХК-ийн замын урд талын талбай буюу нийслэлчүүдийн нэрлэдгээр "Унагатай хөшөө”-тэй  ногоон байгууламж дээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 410 дугаар захирамжаар 1,522 м.кв газрыг "Жи жи эй” ХХК-д үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлжээ. Энэ нь Газрын тухай хуулийн 21.2.3, 33.1.1 мөн Хот байгуулалтын тухай хуулийн 24.1.6 дахь заалтыг  тус тус зөрчсөн тул хотын дарга С.Батболд уг компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Газрын албанд даалгалаа.

Эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрх олгохдоо хууль тогтоомж зөрчсөн нь газрын наймаа дэлгэрэх, авлига, хээл хахуулийн үндэс болж байгааг хотын дарга анхааралдаа авч, хууль бус олгосон газруудыг цэгцлэх ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа.

Энэ ажлын хүрээнд 219 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцалсан юм.Үүний дотор Нийслэлийн 29 болон 33 дугаар дунд сургуулийн хашаанд хууль бусаар олгосон газар, Богд хааны Ордон музейн хойд талд хууль бусаар олгосон газар гэх мэт ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай дээр хууль бусаар олгосон газар эзэмших зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон билээ.

Цаашид Хотын дарга 2020 хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгагдсан нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын ашиглалт, хуваарилалттай холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс хууль бус газар олголттой тэмцэх үйл ажиллагаагаа эрчимтэй үргэлжлүүлэхээ илэрхийлээд, энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн иргэдийг хамтран ажиллахыг уриаллаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.