Орон сууцны хороолол дунд барьж эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо


Орон сууцны хороолол дунд барьж эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

 

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамж, "Хийморь 11" орон сууцны зүүн талын нийтийн эзэмшлийн талбай дээр барилгын норм норматив болон холбогдох бусад хуулийг зөрчин эхлүүлсэн барилгын ажлыг зогсоох шийдвэрийг хотын дарга гаргалаа. Уг шийдвэрт ...Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэр, Денверийн гудамжны дагуу орон сууцны 12а байрны зүүн талд үйлчилгээний зориулалтаар 300м2 иргэн Ц.Батбаатарт эзэмшүүлсэн нь Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.8.4, 17.14, Захиргааны ерөнхий хуулийн 60.1.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн тул дээр дурдсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байна. Мөн уг газарт барих барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажлын зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор хүчингүй болгож, холбогдох мэдэгдлийг зохих журмын дагуу иргэн Ц.Батбаатарт хүргүүлэхийг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болгожээ. Иргэн Ц.Батбаатар нь анх уг эзэмшлийн газар дээрээ 18.0х8.0 метр хэмжээтэй барилга барихаар Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгавар авсан боловч барилгын ажлын зураг төсөл дээрээ тэнхлэгээр 25.0х11.0 метрийн хэмжээтэй буюу барилгын суурийн хэмжээгээ томсгон магадлал хийж, энэ дүгнэлтээ Барилгын хөгжлийн төвөөр баталгаажуулан барилгын ажлаа эхлүүлсэн нь "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн 1.6 дах заалт, 12 дугаар хүснэгтэд заасан зай хэмжээ зөрчигдөж, оршин суугчдын ая тухтай амьдрах хэвийн нөхцөлийг алдагдуулахад хүрээд байсан байна.

 

Дээр дурдсан нөхцөл байдлыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэн Ц.Батбаатарын газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг Нийслэлийн газрын албанд, уг газрыг нийслэлийн гудамж, зам, талбайн 2018 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд тохижуулж, үр дүнг танилцуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус тус даалгалаа.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглох захирамж гаргаж байсан бөгөөд энэхүү захирамжийн биелэлтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасан юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.