Сайжруулсан шахмал түлшийг хориглоё!


Сайжруулсан шахмал түлшийг хориглоё!

 

Нийслэлчүүд өвлийн улиралд утаагаар амьсгалж, угаарын хийнд хордсон дуудлага мэдээлэлд дарагддаг. Хэдийгээр урин дулааны улирал эхэлж, зун болсон ч угаарын хийнд хордож, бүр цаашилбал нас барах тохиолдол ч арилсангүй. Хамгийн сүүлд Хүүхдийн баярын өмнөх шөнө таван настай хоёр, 17 настай нэг хүүхэд, нийт найман хүн "сайжруулсан" түлшний хийнд хордож нас барсан гэх мэдээлэл зарим хэвлэлүүдээр цацагдсан. Гэвч албаныхан энэ талаар дуугарахыг хүссэнгүй. Харин ч эсрэгээрээ нуухыг хичээж сууна.

Он гарснаас хойш 1739 хүн сайжруулсан гэх нэртэй шахмал түлшний угаарт хордсоноос 407 нь бага насны хүүхдүүд байсан гэх. Ердөө сүүлийн зургаахан сарын дотор 46 хүн угаарын хийнд хордож цаг бусаар хорвоог орхисон гэх тоо ч сонсогдов.

Уг нь сайжруулсан түлшийг улам сайжруулаад явах нь компанийн үүрэг. Гэтэл иргэдийн зүгээс шахмал түлшний чанараас гадна барьцадуулагч бодис нь шаардлага хангаж байгаа эсэхэд эргэлзсэн хэвээр. Улаанбаатарт сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг 200 мянга орчим айл өрх бий. Эдгээр айл өрхийг эрсдэлээс сэргийлж, угаарын хий мэдрэгч суурилуулж, хяналт тавин ажиллаж эхэлсэн. Гэвч багагүй  хөрөнгө мөнгө зарцуулсан энэ ажил үр дүнгээ өгөхгүй л байна. Албаныхан нийт 193 мянга гаруй айлаас судалгаа авч, өндөр эрсдэлтэй 63250 өрхөд чиптэй угаар мэдрэгч суурилуулж, Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг хүртэл байгуулж, 24 цагаар хянах байгаа гэж мэдээлж байсан. Гэвч өнөөдөр ч иргэд угаарын хийнд хордож, эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Энэ асуудлаар хариулт өгөх албаны хүн ч гэж байхгүй болж.

Цагдаагийн байгууллагаас "Нэгдсэн тоо мэдээллийг нэгтгээгүй байгаа ч иргэд угаартаж нас барсан хэрэг бүртгэгдсэн нь үнэн” гэх мэдээллийг өгч байв. Уг осол гарсан шалтгаан нь иргэд зуслангийн байшингийнхаа галлагааг сайтар шалгаагүйгээс угаарын хийнд хордсон байж болзошгүйг албаныхан хэлж байлаа. Одоогоор Цэргийн төв эмнэлэгт 17 хүн хэвтэн эмчлүүлж байгаа гэдэг мэдээллийг өгсөн.

"БАРЬЦАЛДУУЛАГЧИЙН 50-ИАС ДЭЭШ ХУВЬ НЬ ХҮНИЙ БИЕД ХОРГҮЙ БАЙГАЛИЙН ЭРДЭНЭ ШИШИЙН ЦАРДУУЛ"

"Тавантолгой түлш" ХХК-ийн Технологийн бодлогын хэлтсийн дарга Г.Өлзийбат:

-Бид сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчаа мэргэжлийн лабораториудад өгч хөндлөнгийн шинжилгээ хийлгэдэг. Тодруулбал, Хими, технологийн хүрээлэн гэх мэт. Манайх өөрийн лабораторитой болсон учраас өдөр тутам түлшний шинжилгээг хийнэ. Барьцалдуулагч материалынхаа шинжилгээг сард 1-2 удаа мэргэжлийн байгууллагад өгч байна. Угаарын хий гэдэг зүйл аливаа түлш шатсаны дараа дутуу шаталтаас үүдэлтэй. Тиймээс шууд сайжруулсан шахмал түлш түлээд хүн угаартсан гэж ойлгох нь өрөөсгөл. Нийслэлийн иргэд анх шахмал түлш хэрэглэж сураагүйгээс бол их угаартдаг байсан бол одоо дуудлага мэдээлэл бараг ирэхээ байсан гэж хэлж болно. Тэгтлээ хэрэглэж дадсан гэсэн үг.

Сүүлд угаартаж, нас барсан тохиолдлын хувьд яг шалтгаанаар угаартсан бэ гэдгийг хуулийн байгууллагаас шалгаж, тогтоох байх. Шахмал түлш нь хортой юм уу гэдгийг  мэргэжлийн байгууллага нь тодорхойлно.

Миний зүгээс шахмал түлш нь шууд хүнийг үхэлд хүргэхгүй. Орц нь үнс, барьцалдуулагч хоёр л байгаа. Манай барьцалдуулагчийн 50-иас дээш хувь нь байгалийн эрдэнэ шишийн цардуул байдаг. Хүний биед хоргүй. Нэмэлт бодисоор нь байгалийн эрдэс шохой ашигладаг. Хүмүүс шавар, цардуул шатааж хордоно гэж байхгүй. Дотоодын аж ахуйн нэгжээ дэмжиж түлшний шуудайгаа авч байгаа бөгөөд шуудайны өнгө, түлшний хэлбэр дүрс чанарт нь нөлөөлөхгүй. Сайжруулсан шахмал түлш хамгийн багадаа 4-5 шат дамжлага дамждаг учраас тодорхой хэмжээнд нунтаг ихтэй очиж байгаа байх. Гэхдээ заасан хэмжээнээс хэтрээгүй. Хэрэв бүхэлдээ нунтаг болсон бол бүх иргэд түлшээ солиулахаар хандана биз дээ гэдэг хариултыг өгсөн юм.

Эх сурвалж: News.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.